Мадагаскарын Боловсролын сайд 2 сая гаруй долларыг модон чихэрт зарцуулах санаа гаргажээ

Мадагаскарын Боловсролын сайд 2 сая гаруй долларыг модон чихэрт зарцуулах санаа гаргажээ

Африк тивийн арал улс Мадагаскар коронавирусийн өвчлөлийг эмчилдэг ургамлын ханд бүтээснээ зарлаж байсан билээ.

Тус улсын ерөнхийлөгч Андри Разуэлина энэхүү шидэт хандыг өөрийн биеэр сурталчилж, Африк тивийн хэд хэдэн улс худалдаж аваад байгаа. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинжлэх ухаанаар батлагдаагүй аргыг эмчилгээнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байв. Мадагаскарын Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн мөн ургамлын хандны Covid-19 өвчнийг эмчлэх чадварт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин ерөнхийлөгч Разуэлина “Хэрвээ энэ аргыг Европын аль нэг улс нээсэн бол ингэж эргэлзэхгүй байсан. Энэ бол Африк тивд өрнөдийнхөн яаж ханддагийн илрэл” гэж хэвлэлд ярьж байв.

Саяхан Мадагаскар улсын боловсролын сайд ургамлын ханд уулгасны дараа гашуун амтыг нь дарах зорилгоор сургуулийн хүүхдүүдэд тус бүр гурван ширхэг модтой чихэр өгөх санаа сэдэж, үүнд $2 саяыг гаргахаар төлөвлөжээ. Гэвч ерөнхийлөгч Разуэлина уг төлөвлөгөөг шүүмжилж, санааг гаргасан боловсролын сайдаа ажлаас нь чөлөөлжээ.

Мадагаскар улсад сүүлийн байдлаар коронавирусийн 1,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, долоон өвчтөн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: BBC