Жорж Флойдын нэрийг улс төрийн зорилгоор ашигласан гэж  Дональд Трампыг буруутгажээ

Жорж Флойдын нэрийг улс төрийн зорилгоор ашигласан гэж Дональд Трампыг буруутгажээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Өнөөдөр Америкийн түүхэнд аугаа сэргэлт тохиолдож байна. Жорж улс оронд нь ямар гайхалтай үйл явдал өрнөж байгааг дээрээс хараад баярлаж байгаа байх. Энэ бол түүний хувьд аугаа өдөр. Бүх хүмүүсийн хувьд аугаа өдөр юм” гэж хэлсэн нь тэр дороо ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм.

Өчигдөр АНУ-ын ажилгүйдлын түвшин өнгөрсөн тавдугааар сард цар тахлаас хойш анх удаа 13.3 хувь болж буурсан тухай тайлан мэдээ гарсан нь эдийн засаг сэргэх найдлага төрүүлсэн байна.

Ардчилсан Намаас ирэх сонгуульд нэр дэвшиж байгаа Жо Байден “Жорж Флоидын хэлсэн сүүлчийн үг ‘Би амьсгалж чадахгүй байна’. Энэ үг манай орон даяар, цаашлаад дэлхий даяар цуурайтаж байна. Жорж Флоидын хэлсэн энэ үгийг ерөнхийлөгч өөр үгээр орлуулах гэж оролдсон нь жигшүүртэй явдал юм” гэж мэдэгдсэн байна. Бүгд Найрамдах Намын Үндэсний Хорооны дарга асан, африк гаралтай улстөрч Майкл Стил “Энэ бол улс оронд болж буй үйл явдлыг ойлгохгүй байгаагаас гадна Жорж Флоидын түүхийг өөрчлөх гэсэн оролдлого. Жорж Флоид тэнгэрээс хараад ‘Хөөх, ажилгүйдэл буурчээ!’ гэж хэлсэн гэдэгт би эргэлзэж байна. Ерөнхийлөгч бодит амьдралаас хэр хол байгааг энэ явдал харуулж байна. Телевизийн реалити шоуны ерөнхийлөгч ардчилал, засаглал, Америк мөрөөдлийг бодитой болгохын төлөө зүтгэж байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралтай зохицохгүй байгааг харууллаа” гэж MSNBC сувагт ярьжээ.

Өчигдрийн тайлан мэдээг эдийн засагчид, судлаачид янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь үүнийг цар тахлын дараа эдийн засаг сэргэх эхлэл гэж үзэж байгаа бол зарим нь уналтаас гарах цаг хол байгааг анхааруулж байна.

Capital Economics байгууллагын шинжээчид 2020 оны эцсээр цар тахлаас үүдэлтэй бий болсон ажилгүйдлын 60 хувь нь буцаан нөхөгдөж, ажилгүйдлын түвшин 8-10 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.

Эх сурвалж: The Guardian