Гоонь аав Ц.Маргад-Эрдэнэ: Анх ээжийнхээ ээмэг бөгжийг ломбардад тавиад хуушуураа хийж эхэлсэн

Гоонь аав Ц.Маргад-Эрдэнэ: Анх ээжийнхээ ээмэг бөгжийг ломбардад тавиад хуушуураа хийж эхэлсэн

“Хөдөлмөр хүнийг бүтээдэг” гэдэг үг бий. Аливаа ажлыг гололгүй, чин сэтгэлээсээ хийх нь хамгийн том давуу тал. Тэгвэл сонгуулийн шуугиантай зэрэгцэн иргэд, үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаад буй содон нэртэй бизнес эрхлэгчид бол  “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын хамт олон. Ц.Маргад-Эрдэнэ, М.Бямбацэрэн, В.Даваасайхан гэх гурван залуу нэгдэн нийгэмд эерэг хандлагыг түгээн хөдөлмөрлөж байна. Бид тэдний содон нэртэй цайны газраар зочлон сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-БИД ГУРАВ ГУРВУУЛАА ХҮҮХДҮҮДТЭЙ ГАНЦ БИЕ ААВУУД -

-Сайн байна уу? Анх хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ. Хэзээ ийм санаа төрөв?

-Сайн. Сайн байна уу. Яг анх би энэ машинтайгаа Яргайтын зам дээрээс бизнесээ эхэлсэн. Эхлээд 20 ч хоноогүй байна л даа. Миний хувьд Солонгос улсад ажиллаж амьдардаг байхдаа хүргэлт, түгээлтийн хоолны  үйлчилгээ маш их байгааг анзаарсан.Гэхдээ Монголд  яг энэ чиглэлийн үйлчилгээ байдаггүй юм байна лээ. Харин хүргэлтийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Бидний хувьд хуушуураа хийж хүргэхээс гадна хүссэн газарт нь очоод хажууд нь хуушуураа хийж үйлчилнэ гэдгээрээ онцлог. Хамт олон, найзууд, гэр бүлээрээ сууж байхад тань очоод шинэхэн, амттай хуушуурыг хурдан шуурхай хийж өгнө гэсэн үг.

-Хэдүүлээ ажилладаг вэ?

-Яг гурван эр ажилладаг. Нэг нь тогооч мэргэжилтэй.  Энэ хоёр маань элдээд, шарчихна. Харин би касс, сошиал маркетингаа хариуцчихдаг .

-Яагаад “Гоонь эрчүүдийн хуушуур” гэж нэрлэв. Та гурав найзууд уу?

- Амьдрал үзсэн, үр хүүхэдтэй ганц бие эрчүүдийг гоонь хэмээн эрт үеэс ахмадууд ярьдаг байж.  Бид гурав бол үеэлүүд л дээ. Гурвуулаа ганц бие гоонь эрчүүд. Миний хувьд нэг хүүтэй. Харин үеэлүүд маань нэг нь хоёр, нэг нь гурван хүүтэй. Анх ээж маань “хуушуурыг дээр үед халуудай гэж нэрлэдэг байсан. Тиймээс халуудай гэж нэрлэвэл яасан юм бэ” гэсэн саналыг гаргаж байсан л даа. Харин миний хувьд “Халуудай” гэж нэрлэвэл хэн ч анзаарахгүй юм шиг санагдаад илүү хөгжилтэй бас сонирхолтой талаас нь “Гоонь эрчүүдийн хуушуур” гээд нэрлэчихсэн. Энэ нь ч хүмүүст илүү хүрж байгаа нь харагдаж байна. Ер нь өнөөгийн нийгэмд тогтсон ажилгүй, гоонь эрчүүд юу хийж цагийг өнгөрөөдөг билээ. Архи ууна, хэрэг төвөгт орооцолдоно. Хийх ажилгүй зүгээр хэвтэхийг бодно. Тиймээс энэ ойлголтоо болиод ажиллая, хөдөлмөрлөе гэж бид гурав санаа нэгдсэн.

-Танай хуушуурын онцлог? Ер нь хүмүүсийг татахад юу нөлөөлж байна гэж боддог вэ?

-Бүх хүмүүс гэртээ сэтгэлээ гаргаж хуушуур хийж иддэг шүү дээ. Тэгвэл бид ч  бас яг л тийм хуушуурыг хүмүүст хийж үйлчилнэ гэсэн үг. Илүү амттай бас эрүүл. Өглөө бүр шинэ тосонд хайрч, чанартай махаар хийдэг. Бас одоо нийгэм ямар байгаа билээ. Хүн бүр арван мянган төгрөгөөр хоол авж идээд байх санхүүгийн чадамж алга. Үүний оронд гурван мянган төгрөгөөр шинэхэн амттай хуушуур аваад идчихвэл боломжийн шүү дээ.

-ЗҮГЭЭР СУУЛГҮЙ, ӨДӨР БҮР ХИЧЭЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХИЙГ ХҮССЭН-

-Хувийн амьдралынхаа талаар уншигчдад танилцуулбал?

-Би өөрөө дрифтийн тамирчин хүн л дээ. Машин цуглуулах, тоноглох, янзлах ажил хийдэг. 2017 онд өөрийн гэсэн байртай больё гээд Солонгосыг зорьсон. Зорилгоо биелүүлчхээд ирсэн л дээ. Гэхдээ ирээд зүгээр суулгүй өдөр бүр хичээж хөдөлмөрлөхийг хүссэн.

-Бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа ч маш эрэлттэй, үйлчлүүлэгчид тасрахгүй харагдаж байна?

-Тийм шүү. Анх Яргайтын  замын хажууд зогсоод хуушуураа хийж эхэлсэн. Харин энэ жижигхэн газраа гурван хоногийн өмнөөс л нээсэн. Гэтэл хүмүүс маш эерэгээр хүлээж авч үйлчлүүлж байгаад баяртай байна. Анх өдөртөө 100 гаруй хуушуур зарагддаг байсан ч одоо бол ачааллаа даалгүй хоёр эгчийгээ дуудчихсан байна. Гэхдээ удахгүй эгч нарыгаа ажлаас нь хална аа. /инээв/ Гоонь эрчүүд гэсэн хаягийн дор гоонь эрчүүд л ажиллах хэрэгтэй биз дээ.

-Яг анх бизнесээ эхлэхдээ ямар байдлаар эхэлж байв? Шууд л мах, гурилаа аваад лагерийн зам уруу гарчихсан уу?

-Яг үнэнийг хэлэхэд би анх ээжийнхээ ээмэг, бөгжийг ломбардад тавиад хуушуур хийх материалуудаа аваад лагерь луу гарсан. Бизнесийнхээ санааг олсон ч гэсэн яг хөдлөх гэхээр санхүүгийн боломж гараагүй л дээ. Ээж маань ч гэсэн тэр үед бид гурвыг маш их дэмжиж байсан. Ер нь залуучууд шууд биелэхэд хүндрэлтэй маш том зүйл рүү тэмүүлдэг л дээ. Гэтэл бидний эргэн тойронд жижигхэн ч гэсэн хүмүүст хэрэгтэй олон санаанууд байдаг. Үүнийг олж харж, голж шилэлгүй сэтгэлээсээ хөдөлмөрлөх хэрэгтэй.

-ЭРЧҮҮД Ч ГЭСЭН ГОЁ АМТТАЙ ХУУШУУР ХИЙЖ ЧАДДАГ
ГЭДГИЙГ ХҮМҮҮСТ ХАРУУЛМААР БАЙНА-

-Хүүхдийн баяраар хүүхдүүдэд үнэгүй хуушуур тараасан гэж байсан. Энэ талаараа?

-Манай найз санаачлаад бид хэд дундаасаа мөнгө гаргаад хүүхдүүдэд хуушуур хийж өгөхөөр болсон юм. Тэгээд эхлээд хогийн цэг дээр очтол ямар ч хүүхэд байгаагүй. Ингээд Ботаникийн тэнд байдаг “Хүүхэд хөгжлийн төв” дээр очиж хүүхдүүд баярлуулсан.

-Цаашид ямар зорилго тавьж ажиллаж байна?

-Хуушуурынхаа төрлийг нэмэхээр зорьж ажиллаж байна. Тухайлбал, долоон төрлийн хуушуур хийж үйлчилнэ. Махтай, будаатай, сыртэй, ногоотой, кимчитэй,  кето гэх мэт төрлийн хуушууруудыг хийнэ гэж бодож байна. Машинаа илүү сонирхолтой байдлаар чимнэ бас хойд талдаа дахин нэг чиргүүл хийгээд тэр чиргүүл дээрээ синглэ эмэгтэйчүүдийн хуушуур гэж хийж ч болно. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёрын гараас өөр өөр л амт гарна гэсэн үг шүү дээ. Эрчүүд ч гэсэн гоё амттай хуушуур хийж болдог юм байна гэдгийг хүмүүст харуулмаар байна. Бас үйлчлүүлэгч нартайгаа илүү чөлөөтэй, эргэх холбоотой ажиллана гэж бодож байна. Үйлчлүүлэгчдийн зүгээс ирж буй бүхий л санал, гомдлыг хүлээж авч ажиллана.

- Хүргэлтээ хийгээд явахад хүндрэлтэй, хэцүү зүйл тохиолдож байна уу?

-Амт чанарын хувьд их гоё байна гэж магтдаг л даа. Харин удаан байна гэж шүүмжлүүлж байна. Аль болох л дуудсан үед нь хурдан очиж, хуушуураа хайрч өгөхийг бодно шүү дээ. Нэг газраас нөгөө лүү явахад тодорхой хэмжээний хугацаа шаардагдана. Бас манайханд тэвчээргүй зан байдагтай холбоотой болов уу гэж боддог.  Тиймдээ ч олон дунд уурлах, элдвээр хэлэх, магтах, урам өгөх гээд янз бүрийн л хандлагатай хүмүүстэй таардаг.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Та бүхэн түүнтэй холбогдож, захиалга өгөхийг хүсвэл 86200101 болон https://www.facebook.com/bumtan.margad хаягаар холбогдоорой.