Сонгуулийн зардлын явцын тайлангаа зургаан нам, эвсэл, 54 нэр дэвшигч ирүүлжээ

Сонгуулийн зардлын явцын тайлангаа зургаан нам, эвсэл, 54 нэр дэвшигч ирүүлжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Энэ сарын 21-ний 19.00 цагийн байдлаар гурван нам, нэг эвсэл, 20 нэр дэвшигч зардлын тайлангаа Үндэсний аудитын газарт ирүүлжээ. Харин 00.00 цагаас өмнө нэмж 24 нэр дэвшигч хандив болон зардлын явцын тайлангаа хүргүүлснийг тус газраас мэдээлэв. 

Үндэсний аудитын газарт 14.00 цагийн байдлаар дөрвөн нам, хоёр эвсэл, 54 нэр дэвшигч хандив болон сонгуулийн зардлын явцын тайлангаа ирүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1.25- д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянга, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Ирэх сарын 24-нд бие даагчид, наймдугаар сарын 8-нд нам, эвсэл зардлын эцсийн тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх заалттай. УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага хяналт тавьж байгаа. Тус байгууллагынхан 21-ний өдрийн 12.00 цагт “Үндэсний аудитын газрын https://www.audit.mn/ болон нам, эвслийн цахим хуудсыг шалгахад зардлын явцын тайлангаа байршуулаагүй байна” хэмээн мэдэгдэж, сонгуульд өрсөлдөгчдөд хуулиа дагаж, мөрдөхийг уриалсан юм.

“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын ажилтнууд 606 нэр дэвшигчийн цахим хаягийг давхар шалгаж, 50 орчим нь явцын тайлангаа олон нийтэд танилцуулсныг мэдээллээ.