БНХАУ-д шинж тэмдэггүй халдвар бүртгэгдсээр байна

БНХАУ-д шинж тэмдэггүй халдвар бүртгэгдсээр байна

Өмнөд Солонгост хоногт коронавирусний халдварын 46 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна. БНСУ-ын шинэ тохиолдлын 32 нь гаднаас зөөвөрлөгдсөн бөгөөд Бусанд зогссон ОХУ-ын хөлөг онгоцны ажилтнууд аж. Хөлөг онгоцонд байсан 21 хүний 16-д нь халдвар илэрчээ. Бусаны боомтод тэдэнтэй харьцсан 160 гаруй хүнийг хайж, судалж байгаа аж.

Коронавирусний халдвар дахин сэргэсэн БНХАУ-д хоногт 22 шинэ тохиолдол бүртгэгдсэний 13 нь дотоодын халдвар бол ес нь гаднаас зөөвөрлөгдөж орж иржээ. Эдгээр тохиолдол нийслэл Бээжин хотод бүртгэгдсэн байна. Урд хөршид шинж тэмдэггүй халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд шинж тэмдэггүй долоон тохиолдлыг улсын хэмжээнд шинээр бүртгэжээ. Бээжингийн хүнсний захад халдварын голомт батлагдсанаас хойших голомтолсон нийт халдвар 249-д хүрсэн байна.

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт 1-61 насны 15 эрэгтэй, 15 эмэгтэй хүнд халдвар илэрчээ. Тэд халдварын нууц үедээ аяллаар явж байсан аж.