Ялалтын баярын парад Монголын цагаар 15.00 цагийн үед эхэлнэ

Ялалтын баярын парад Монголын цагаар 15.00 цагийн үед эхэлнэ

ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ. 

Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахлаас үүдэн Владимир Путин Ялалтын баярыг өнөөдөр болгон хойшлуулахдаа 1945 онд анх Улаан талбайд Зөвлөлтийн цэргүүд жагссан өдрийг сонгосон аж. Энэ жил Эх орны дайны Ялалтын баярын 75 жилийн ой тохиож буй учраас илүү өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх хүлээлттэй байсан. Гэвч уламжлал ёсоор тавдугаар сарын 9-нд цэргийн сүрт жагсаал болоогүй. Харин нисэх хүчний 79 байлдааны онгоц үзүүлбэр үзүүлж, баярын тоглолтыг телевизээр дамжуулан, цахимаар хурал зохион байгуулж, гар утсаараа дайн болсон газруудаар аялуулах виртуаль маршрутыг боловсруулсан байв. Үүнээс гадна дэлхийн II дайнд тулалдаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн тэдний гэрэл зургийг барин жагсдаг уламжлалт арга хэмжээ ч хойшилсон юм. Олон сая хүн оролцдог тус арга хэмжээ энэ жил долдугаар сарын 26-нд болохоор товлосон. Түүнчлэн коронавирусийн халдвараас шалтгаалан ОХУ-ын 10 орчим хотод Ялалтын баярын гол арга хэмжээ цэргийн сүрт жагсаалыг цуцлах буюу хойшлуулжээ.