ТОДРУУЛГА: Гадаадад гацсан болон тусгаарлалтад байгаа сурагчид ЭЕШ өгөх боломжгүй

ТОДРУУЛГА: Гадаадад гацсан болон тусгаарлалтад байгаа сурагчид ЭЕШ өгөх боломжгүй

Маргааш орон даяар ЭЕШ эхэлнэ. ЭЕШ бол мянга, мянга сурагчийн хувьд ажил амьдралын гараагаа эхлэх, ирээдүйгээ тодорхойлох  чухал сорилт. Энэ жилийн хувьд үүссэн онцгой  нөхцөл байдлаас шалтгаалан төгсөх ангийн сурагчид өөрсдөө бие даан бэлдэцгээн, мөн тодорхой цагийн хуваарийн дагуу давтлаганд сууж байгаа.

Тэгвэл, гадаад улс оронд очоод эх орондоо ирж чадахгүй байгаа, Монголдоо ирсэн ч тусгаарлалтанд байгаа хүүхдүүдийн хувьд хэрхэн, яаж ЭЕШ-аа өгөх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар тодруулахаар бид “Боловсролын Үнэлгээний Төв”-ийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай холбогдлоо.

-Сайн байна уу. Энэ жилийн хувьд гадаадад гацсан сурагчид болон, тусгаарлалтанд байгаа хүүхдүүд яаж ЭЕШ өгөх вэ?

-Сайн. Сайн байна уу. Манай байгууллагад яг энэ асуудлын дагуу таван гомдол ирсэн. Солонгост байгаа 3 сурагч, Монголдоо тусгаарлалтанд байгаа 2 сурагч энэ асуудлаар хандсан юм. Солонгост байгаа 3 сурагчийн хувьд онлайнаар өгөх хүсэлт гаргасан  ч манай улсад тийм эрх зүйн үндэс бүрдээгүй. Тиймээс өгөх боломжгүй болсон. Харин энд тусгаарлалтанд байгаа хоёр сурагчийн талаар бид УОК-т танилцуулж, хүсэлт тавьсан боловч  зөвшөөрсөн хариу өгөөгүй.

-Тэгвэл сурагчдийн хувьд энэ жил өнжих шаардлагатай болж байгаа гэсэн үг үү?

-Тиймээ, онлайнаар өгөх эрх зүйн үндэс бүрдээгүй, мөн УОК-оос зөвшөөрөөгүй тул эдгээр хүүхдүүд нэг жил өнжих шаардлагатай болж байгаа юм.

-Энэ жилийн хувьд хэдэн хүүхэд ЭЕШ өгөх вэ?

-Жилд дунджаар ЭЕШ-д 40 мянга орчим хүүхэд хамрагддаг байсан. Энэ жил улсын хэмжээнд  12-р ангийн нийтдээ 16 мянган хүүхэд төгсөж байгаа. Энэ тоон дээр өнгөрсөн жил ЕБС төгссөн боловч их, дээд сургуульд элсэж чадаагүй хүүхдүүд нэмэгдэж 20 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгнө гэдэг урьдчилсан тоо гарсан.

-ЭЕШ-ын журамд энэ жил ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Энэ жил шууд засалтын шилэн технологи нэвтэрч байгаатай холбогдон зарим өөрчлөлт орсон. Тухайлбал, шалгалтын дүн оноог мэдээлэх ажил газар дээрээ шийдэгддэг болсон.

Мөн АНУ-т гацаж, ЭЕШ-аа өгч чадахгүйд хүрсэн Э.Цэцэглэнтэй холбогдож нөхцөл байдлынх нь талаар тодруулсан юм.

-Хэзээ, ямар шалтгаанаар Америк явсан бэ?

-2019-2020 оны “Сурагч солилцоо” хөтөлбөрөөр явсан юм. Уг нь тавдугаар сарын 27-нд хичээл дуусаад монгол буцах ёстой байсан.

-Хамт явсан, бас ЭЕШ-аа өгч  чадахгүйд хүрсэн хүүхдүүд байгаа юу?

-40 гаруй хүүхэд байсан. Гэхдээ тэднээс 12 хүүхэд тусгай нислэгээр буцсан.

-Чиний хувьд яагаад буцаагүй юм бэ?

-Би сайн мэдэхгүй байна.

-Багш нартайгаа холбогдсон уу. Энэ жил ЭЕШ-аа өгч чадахгүйд хүрж байх шиг байна?

-Тийм ээ, нэг жил өнжих байх.

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт 2020 оны долоодугаар сарын 2-5-ны хооронд болно. Шалгалт долоодугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас Монголын түүх, англи хэлний хичээлээр эхлэнэ. Үргэлжлүүлэн долоодугаар сарын 3-нд хими, газарзүй, нийгмийн ухаан, долоодугаар сарын 4-нд биологи, математик, долоодугаар сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдаж өндөрлөх ажээ.