УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө эргүүлэн татдаг болох талаар сүүлийн хэдэн парламентыг дамнуулан ярьж байгаа ч ажил хэрэг болголгүй энэ хүргэсэн.
-ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛИНД ОРУУЛАХ УУ ЭСВЭЛ ТУСАД НЬ БОЛОВСРУУЛАХ УУ ГЭДГИЙГ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА-
Тэгвэл энэ удаагийн парламентад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар УИХ-ын гишүүдийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах хуулийн төслийг санаачилж эхэлжээ. Хуулийн төслийг боловсруулахаар судалгааны түвшинд ажиллаж буй бөгөөд ирэх намрын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлдэж байгаа аж. Ингэхдээ УИХ-ын тухай хуулинд нэмэлт оруулах уу эсвэл тусдаа хууль боловсруулах уу гэдгийг шийдээгүй байгаа аж.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ-ын тухай хуулинд УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахтай холбоотой 7 заалт бий.
Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн
9.1. Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно
9.1.1. Ерөнхийлөгчөөр сонгогдсон
9.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн
9.1.3. Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн
9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн
9.1.5. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон
9.1.6. Нас барсан тохиолдолд гэж заасан байдаг. Тэгвэл эдгээрээс бусад ямар тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах зохицуулалтыг дээрх хуулинд тусгах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нэр бүхий гишүүд тойргийн сонгогчдынх нь 2/3 нь санал гаргасан тохиолдолд, жагсаалтаар сонгосон гишүүнийг улс төрийн төв намаас нь санал гаргаж УИХ хүлээж авсан тохиолдолд эргүүлэн татах саналыг гаргаж байсан ч батлагдаагүй өнгөрсөн юм.
-ДАВ.ЦОГТБААТАРЫН ОРОНД Г.ЗАНДАНШАТАР НӨХӨН СОНГУУЛИАР, Э.БОЛОРМААГИЙН ОРОНД Ц.ЦЭРЭНПУНЦАГ "НӨХӨЖ" УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Тэгвэл энэ удаа дээрх хуулийг нэр бүхий гишүүдэд зориулсан байхыг үгүйсгэхгүй байна. Тухайлбал, ирэх намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх Э.Болормаагийн асуудал, нөгөө нь Дээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон Дав.Цогтбаатар гишүүний асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Дав.Цогтбаатарыг ганцааранг нь бус МАН-аас ч Э.Болормааг хамт явуулахаар бүр дээрээс улс төр эхэлсэн. Энэ тохиолдолд Дав.Цогтбаатарын оронд Г.Занданшатар нөхөн сонгуулиар, Э.Болормаагийн оронд Ц.Цэрэнпунцаг "нөхөж" УИХ-ын гишүүн болж магадгүй гэх мэдээлэл ч байгаа юм.
Тэгвэл гуя дагуулж хүзүү гэдэг шиг МАН-ын Э.Болормаа, АН-ын Да.Цогтбаатарыг дагуулж ИЗНН нь М.Нарантуяа-Нара гишүүнээ явуулахаар энэ хуулийн төслийг боловсруулахад оролцож байж болзошгүй байгаа юм.
Ингэн байж УИХ-д ёс зүйн асуудалд байнга холбогддог гишүүн мөн хууль зөрчсөн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй ч явдаггүй гишүүдийг энэ хуулиар явуулж болзошгүй байгаа юм. Ингэхдээ гишүүнийг дархан эрхтэй бус хагас эрхтэй байлгах, намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг сэлгэх шаардлагатай гэх агуулгыг дээрх хуулийн төсөлд мөн багтаах талаар хууль санаачлагчид NTV телевизид өгсөн ярилцлагадаа дурджээ.