Д.Отгонбаяр: Хурд хэн нэгэнд долигонож, намын өмнө сөгддөг хамтлаг биш

Д.Отгонбаяр: Хурд хэн нэгэнд долигонож, намын өмнө сөгддөг хамтлаг биш

-“ХАЙР” АЯН НАМЫН СУРТАЛЧИЛГААТАЙ ОГТ ХОЛБООГҮЙ-

Монголын рок попын алдарт Хурд хамтлаг “Хайртай” нэртэй соён гэгээрлийн аяныг өнөөдөр /2019.06.29/ Хэнтий аймгаас эхлүүлж байна. Тэд өчигдөр Хэнтийд очсон бөгөөд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хадаг, сүүгээ барин тосч Засаг дарга Н.Ганбямба хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү аянд тус хамтлагаас гадна дуучин Б.Баяцэцэг, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Отгонбаярын багт багтсан залуу уран бүтээлчид нэгджээ. Аяны хүрээнд 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна олон уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор “Хайртай” аяныг МАН-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхлэл гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. Тодруулбал, уг төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгаа. МАН-аас нийгмийн эмчилгээг "Хурд" хамтлагтай хамтран зохион байгуулж эхэллээ гэсэн хардлага бий.

Уг мэдээлэлтэй холбогдуулан www.isee.mn сайт “Хурд” хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай холбогдож дээрх мэдээллийг үнэн, эсэхийг тодрууллаа.

-Сайн байна уу та, сайхан зусч байна уу. Сайн явж байна уу?

-Сайн байна уу. Өнөөдөр /өчигдөр/ Хэнтийд ирээд байна. Маргааш тоглолттой бас нэвтрүүлгийн зураг авалттай гээд ажил ихтэй л байна.

-“Хайртай” аяны албан ёсны ивээн тэтгэгчээр Монгол улсын Засгийн газрыг ажиллаж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарлаа. Тодруулбал, МАН-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхлэл болгож энэхүү аяныг зохион байгуулж байна гэх яриа олон нийтийн дунд байна. Та үүнд хариулт өгөх үү?

-Энэ зөвхөн Хурд хамтлагийн ажил. Бид дараа жил Үндэсний Цэнгэлдэх хүрээлэнд томоохон тоглолт хийнэ. Түүний эхлэл юм. Үгүй ээ яахав, хөдөө орон нутгийн төр захиргааны байгууллагууд бидэнд тусалж байна. Бид хөгжмөө ачиж ирээд хаана, хэзээ тоглохоо мэдэхгүй, цагдаа сэргийлэх хамгаалах эсэх нь тодорхой бус цаашлаад хаанаас цахилгаанаа авч тоглолтоо тавих билээ. Энэ бүхэнд хөдөө орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд тусалж байна. Хурд хамтлаг “Хайртай” аянтайгаа хамт давхар урлаг, соёлын уран бүтээл хийнэ. Тэгэхээр үүнд намчирхаж  болохгүй. Манайхан аливаа ажлын араас заавал улс төржих юм. Хурд хамтлаг 25 жил дуугаа дуулж, тоглолтоо тоглосон. 26 дахь жилээрээ “Хайртай” гэдэг аянаа хийж байна. Монголчууд бие, биедээ хайртай гэдэг үгийг их харам хэлдэг болжээ. Нийгэм их уур, бухимдалтай байна. Өнгөрсөн гурав билүү дөрвөн сард бид Хөвсгөлд бие даасан тоглолт хийсэн. Тус тоглолтын үеэр маш олон ээж, эмэгтэйчүүд уйлж байгааг хараад тайзан дээр зогсож байлаа. Ээждээ, Ханьдаа дуулъя, Зураг шиг бүсгүй зэрэг амьдралд ухаарал өгсөн дуунуудыг сонсоод маш их уйлсан. Үүнийг хараад манай хамтлагийнхан “Хайр их дутагдаж байгаа юм байна” гэж ярилцсан. Урлаг, уран сайханчид, рок попынхон тэр бүр хөдөө орон нутгаараа явж иргэддээ үйлчилж чадахгүй юм. Ард түмэн урлагаар цангаж байна. Ийм байхад Хурд яагаад ийм ажлыг санаачлаад хийж болдоггүй юм. Олон жил хамтран ажиллаж ирсэн хувийн хэвшил, компаниуддаа бид эртнээс хүсэлтээ өгөөд энэ ажлаа хамтран зохион байгуулж байна. Хөдөө орон нутгийн удирдлагууд руу бүр эрт саналаа өгсөн. Бид ард түмэндээ маш гоё хайрыг түгээхын тулд үнэ төлбөргүй тоглох саналтай байна гэдгээ илэрхийлэхэд тэд дэмжсэн.

-Үнэ төлбөргүй тоглох нь үнэн юм байна. Тийм үү?

-Үнэ төлбөргүй тоглолт шүү дээ. Уучлаарай бид 25 жил урлагт зүтгэсэн. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ ажлыг хийж байна. Өнөөдөр бидний нас хэд хүрч байгаа билээ. Бүгд идэр насандаа ирлээ. Цогоо /хамтлагийн дуучин/ хоёр хоногийн өмнө 50 нас хүрсэн. Бид ард түмэн, төр засгаасаа шагнал, урамшууллаа хангалттай авсан.  Харин одоо хайр түгээх цаг нь болсон. Мөн хөдөө орон нутгийн театрын уран бүтээлчдэд урам, дэм өгч хамтарч тогломоор байна. Яадаг юм, нэг орой сайхан тоглолт үзээд бие биендээ хайртай гэж хэлье.  Уучлаарай Хурд хамтлаг хэн нэгэнд долигонож, намын өмнө сөхөрдөг хамтлаг биш.

-БИДНИЙ АЖЛЫГ МУУХАЙ ЗҮЙЛТЭЙ ХОЛБОХ ГЭЭД БАЙНА. БИД НАМ ЯРЬДАГ ЖИЖИГ ХАМТЛАГ БИШ-

-Аянаа Хэнтий аймгаас эхлүүлсэн шалтгаан юу вэ?

-Их эзэн Чингис хааны өлгий нутаг. Наран ургах зүгээс бид эхэлж байна. Нар зөв тойрч “Хайр” аянаа түгээнэ.

-Хэнтий аймгийн иргэд та бүхнийг их сайхан угтаж авч байсан ?

-Би Хэнтий аймгийн теартын удирдлагуудад маш их баярлаж, нулимс гарсан. Өмнө нь би ийм гоё хүндэтгэл үзээгүй. Урлаг, урлагаа ингэж хүндэтгэдэг юм. Театрын хамт олон есөн хөлт цагаан тугтай, жүжгийн хувцастайгаа хүлээж авсан. Ийм зүйл болно гэж огт бодоогүй. Хөгжим, наадам болчихсон хүлээж авсан. Ний, нуугүй нийгэмд эерэг хандлагыг бий болгохын тулд урлагийнхан хөдлөх цаг нь болсон. Гурван саяхан хүнтэй байж сошиалд нүүрээ нууж бие, биенээ доромжилсон, зориг зүрхгүй болсон байна. Хүүхдүүд хүртэл эцэг, эхээ дуурайж яг энэ амьдралаар амьдрахаар харагдаж байна. Амьд харьцаагүй болсон. Тийм учраас бид амьд хөгжимтэй тоглож эх орон, эцэг эх, дуу хөгжмийн үнэ цэнэ, сайхныг бусдад түгээх гэж байна. Бид нэвтрүүлэг бэлдэж яваа юм. Хурд хамтлаг эх орноо, ард түмнээ нэвтрүүлэгтээ харуулна. Энэ бол бидний контент. Хөдөө, орон нутгийн аж амьдралыг харуулсан нэвтрүүлэг хийнэ.

-Аян хэзээ дуусах вэ?

-Бид өөрсдийнхөө хүчээр явах хүртлээ явна. Өчигдөр нэг эгч “Шатахууны зардалдаа нэмэрлээрэй” гэж хэлээд бидэнд 250 мянган төгрөг өгсөн. Энэ мэтчилэн хувийн хэвшил, хувь хүмүүс тусалж байна. Муу, сайн ч Хурд хамтлаг 25 жил тоглосон учраас үнэлж, хайрладаг хүмүүс бий. “Хайр” аяныг яг муухай зүйлтэй холбох гээд байна. Бид соёлын яамтай холбогдож, ярилцаж үзсэн. Улсын ажил дандаа л бичгээр явдаг юм байна лээ. Бид айхтар албаны хувцас өмсөөд очиж хүлээж байгаад уулзаад явж байдаг завгүй. Тиймээс бид саналаа бичгээр хүргүүлсэн. Бидэнд тог цахилгаан, хамгаалалт хэрэгтэй байна. Та бүхэн тусалбал бид ард түмэндээ соёл түгээе гэж хэлсэн. Түүнээс энд нам огт хамаагүй. Хурд тийм жижигхэн зүйл ярьдаг хамтлаг биш.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ