Швед улсад коронавирусээр өвчилсөн ч эдгэж чадсан монгол бүсгүй Ч.Өлзийтэй ярилцлаа

Швед улсад коронавирусээр өвчилсөн ч эдгэж чадсан монгол бүсгүй Ч.Өлзийтэй ярилцлаа

Манай улс дотроо халдвар тархаагүй ч гадаадад гацсан цөөнгүй монгол иргэн халдвар авч, зарим нь харийн нутагт амь насаа алдсан билээ. Бидний хувьд гадаадад гацсан олон иргэнтэй холбогдож, тэдний нөхцөл байдал, үзэл бодлыг тусгасан цуврал нийтлэл, ярилцлагыг хүргэж байгаа.

Албан бус мэдээллээр гадаадад коронавирусээр өвчилсөн арав гаруй монгол иргэн байгаа аж. Бид энэ удаа тэдний нэг болох Ч.Өлзийтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр харийн нутагт ганцаараа байх хугацаандаа коронавирус хэмээх аймшигт өвчнөөр өвдсөн ч бууж өгөлгүй, даван туулж, эдгэж чадсан бүсгүй юм.

-ГЭНЭТ МАШ ӨНДӨР ХАЛУУРЧ, ҮЕ МӨЧӨӨР ЯНГИНАЖ, ХАНИАЛГАЖ ЭХЭЛСЭН-

-Сайн байна уу. Эхлээд өөрийгөө уншигчдад танилцуулаач. Швед улсад хэзээ очсон бэ?

-Сайн. Сайн байна уу. Би бусдын адил аяллын визээр ажил хийж, амьдралаа дээшлүүлэх гэж ирсэн жирийн нэг эмэгтэй. Монголд хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Тэглээ гээд энэ амьдралаас ухарч, няцраагүй маш их хичээж амьдарсан. Өөрийн гэсэн орох оронтой болох гэж 2018 онд байшин босгох гэж хичээсэн ч зарим зүйл дутуу байсан болохоор ажил хийж мөнгө олоод, байшингаа дуусгах санаатай энэ улсад ирсэн юм. Арванхоёрдугаар сард ирээд хоёрдугаар сард буцах байсан ч явж чадалгүй таван сар хүлээлтийн байдалтай байна даа. Энэ хугацаандаа ажил хийсэн ч зүйлгүй, эсрэгээрээ аймшигтай их зүйлсийг үзэж байна.

-Та Швед улс руу ганцаараа явсан уу. Ямар ч ажил хийж амжаагүй гэсэн үг үү. Хаана амьдарч байсан бэ?

-Тийм ээ. Ганцаараа ирсэн. Олны жишгээр хажуу өрөө хөлсөлж суусан. Айлд цэвэрлэгч хийх зар олж уншаад хийсэн боловч удаан ажиллаж чадаагүй ээ.

-Таны хувьд дэлхий нийтийг айлгаад байгаа коронавирусээр өвчилсөн боловч эдгэсэн гэсэн ноцтой мэдээг сонссон. Хүний нутагт энэ аймшигт өвчнөөр өвдсөн ч даван туулж, эдгэрэх амаргүй даваа шүү дээ. Энэ талаараа илүү дэлгэрэнгүй яриач?

-Энд хөл хорио тогтоож эхлээд ажил ч олдохгүй, очих газар, таних хүнгүй болохоороо цагаачийн байгууллагад очсон юм. Гуравдугаар сарын 16-ны өдөр л дөө. Тэр өдрөөс хойш цагаачийн байранд амьдрахаар болж паспортаа хураалгасан. Гэтэл гуравдугаар сарын 25-наас эхлэн маш өндөр халуурч, үе мөчөөр янгинаж, үнэр, амт мэдрэхээ больсон. Гүйлгэж, толгой хүчтэй өвдөж, ханиалгаж байсан. Тэр үед коронавирусийн шинж тэмдэг бүгд таарч байсан болохоор байгаа газрынхаа ажилтанд хандаж, эмч хэрэгтэй байгаагаа гурван удаа хэлсэн ч надад туслаагүй ээ. Сүүлд нэг эмч ирсэн ч яг юу болоод, яагаад байгааг минь хэлээгүй. Шууд л намайг нэг өрөөнд тусгаарлачихсан. Тэр үед үнэхээр хүнд байсан. Хүн болж төрснөөсөө хойш анх удаа л тийм их өвдөлтийг мэдэрч үзсэн. Халуун буулгах эм, гоожуурын хүйтэн ус уугаад л байдаг байсан. Сүүлдээ өндийх ч тэнхэлгүй болж, толгой эргэж, их сульдсан. Их хөлөрсөнөөс болж орны даавуу, хөнжил бүхэлдээ норж байсан. Гэсэн хэдий ч солих хөнжил, туслах хүн байхгүй учраас нойтон хөнжилөө хаттал нь чичирж хэвтдэг байсан.

-ИХ ХӨЛӨРСНӨӨС БОЛЖ НОРСОН ОР ХӨНЖЛИЙН ДААВУУГАА ХАТТАЛ НЬ ГАНЦААРАА ЧИЧИРЖ ХЭВТДЭГ БАЙСАН-

-Тэр үед бие тань цаг минутаар муудаж байсан байх?

-Тийм ээ. Сүүлдээ маш их хүндэрсэн. Амьсгалж чадахгүй болж, цээж өвдөж, юм ярих ч тэнхэлгүй болсон. Тэгээд л өөрийгөө ингээд дуусаж байгаа юм байна гэж бодоод гэрийхэндээ хэлж, хоёр хүүхдээ харахыг хүссэн. Өвчтэй байх үедээ гэрлүүгээ огт яриагүй л дээ. Санаа нь зовох байх гээд. Тэгээд видеокалл хийж байх үед амьсгал боогдож, ганц үг л хэлэх гэж хамаг тамираа барж байсан. Хүүхдүүд минь тэр үед “ээж ээ та яачихсан юм бэ, зүгээр үү” гээд л уйлаад байсан. Миний нулимс асгарч, хүүхдүүдээ ганц удаа ч болов тэвэрчихээд үхэх юм сан л гэж бодож байсан шүү. Амьсгалахын тулд хамаг хүчээ шавхаж, сүүлдээ хөлийн хуруу хүртэл өвчин орчихсон байсан. Гэсэн хэдий ч үхэлтэй хамаг хүчээрээ л тэмцсэн дээ.

-Швед дэхь элчин сайдын яаманд хандаж, тусламж хүссэн үү?

-Элчин сайдын яаманд хоёр удаа хандсан ч “Монголоос зөвлөгөө ав, бид нар мэдэхгүй” гэсэн хариу л өгсөн. Ингээд дөрөвдүгээр сарын 10-наас халуурах нь багасаж, бие арай дээрдэж эхэлсэн. Халуун буусан ч цээж өвдөж, ханиалгасан хэвээрээ байсан. Бие сульдаж, арав алхаж ч чадалгүй тамирдаж амьсгаадаад, хүйтэн хөлс тогтмол цувж байсан. Энэ байдал таван сарыг дуустал үргэлжилсэн.Ингээд зургадугаар сарын 8-нд шинжилгээ өгөхөд “коронавирус тусаад эдгэсэн байна. Вирус биед чинь байгаа ч эсрэг биет үүссэн” гэсэн эмнэлгийн бичиг өгсөн.

-АМЬСГАЛЖ Ч ЧАДАХГҮЙ БОЛЖ, МАШ ИХ СУЛЬДСАН. ТЭР ҮЕД ХЭН Ч ТУСЛААГҮЙ, ИНГЭЭД ДУУСАЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ГЭЖ БОДСОН-

-Та цагаачлалын байранд тусгаарлагдсан юм байна. Өрөөний хувьд ямархуу байсан бэ. Хоол унд юу идэж байв? Ямар нэгэн эмчилгээ, эм хэрэглээгүй юу?

-Тийм ээ. Өрөөний хувьд жижигхэн, нэг цонхтой, төмөр ортой өрөө байсан. Өвдөж эхлэж байхдаа өөрөө эмийн сангаас авсан халууны эм, витаминаа л ууж байсан. Тэнд нэг ч хүн надад туслаагүй ээ. Нуун дарагдуулж, үхвэл үхэг л гэж хандаж байсан.

-Эдгэрсний дараа цагаачлалын байрны нөхцөл байдал ямар байв?

-Эдгэсний дараа бие тэнхрээд коридорт гарж суухад хүмүүс намайг хараад корона гэж орилон, надруу хашгирч дургүйцлээ илэрхийлдэг байсан. Тийм болохоор өрөөнөөсөө ч гарахыг хүсдэггүй байлаа. Тэгсэн ч би өөрийгөө амьд байгаадаа, хоёр хүүхдээ дахин харж чадах болсондоо л баярлаж суудаг байсан.

-Нийт хэдэн өдөр өвдөж хэвтсэн юм бэ. Өдөрт ер нь хэдэн хоол иддэг байв?

-Бараг 15 хоног халуурсан. Өдөрт хоёр хоол өгдөг байсан ч идэхийн аргагүй түүхий ногоо, будаа л өгдөг байсан. Хаалганы гадаа тавиад, хаалга цохичохоод л яваад өгдөг байсан.

-Өвдөж байх хугацаанд тань нэг удаа ч гэсэн эмч орж ирж үзэж байсан удаа байгаа юу?

-Байхгүй ээ. Ганц удаа ирэхдээ өрөөний гадаа дуудаж гаргаж ирээд, арван алхамын цаанаас юм асууж байсан. Хэл мэдэхгүй надад их төвөгтэй байсан. Орчуулагч ч байхгүй, сүүлдээ би бүр ядраад буцаад орчихсон.

-Тэгэхээр таныг тэндээ нас барсан бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан хэрэг үү?

-Тийм ээ. Тэгэх л байсан байх. Хамгийн хэцүү нь байрны цагаачид бүгд цуглаж, өрөөний цонхны цаанаас корона гэж хашгирч дайрдаг байсан. Бүгд намайг хятад гэж бодож, гадуурхсан.

-ЭЭЖ МААНЬ ЭМЯ-РУУ ЗАЛГАЖ АСУУХАД “ПАРАЦЕТАМОЛ УУ” ГЭЖ Л ХЭЛСЭН ГЭСЭН-

-Монгол руу залгаж, нөхцөл байдлаа хэлж, тусламж хүссэн үү?

-Хүссээн. Хоёр удаа ярьсан. Ээж маань эрүүл мэндийн яам руу залгаж асуухад “Парацетамол, витамин С уу” гэж хэлж байсан гэсэн. Тэгчихээд одоо өөрсдийгөө “Бид эмчилж байна, чадаж байна” гэж алдаршуулах нь гутамшигтай санагдаж байна.

-Таны бие маш их хүндэрч, олигтой эмчилгээ хийлгээгүй ч даваад гарсан байна. Үүнийг юутай холбоотой гэж үзэж байгаа вэ. Уушги сайн байсан юм болов уу?

-Мэдэхгүй ээ. Азтай л юм даа. Хоёр хүүхдийн минь заяа түшиж дээ гэж боддог.

-Таны хувьд өөрийгөө хаанаас халдвар авсан гэж бодож байгаа вэ?

-Цагаачийн байрнаас гадуур байхдаа ажил олдохгүй, гэрээсээ бараг гардаггүй байсан. Надаас гадна дөрвөн хүн цагаачийн байранд өвдсөн гэж сүүлд сонссон.

-БИЕ МААНЬ АРАЙ ДЭЭРДЭЖ БАЙРНЫХАА КОРИДОРТ ГАРЖ СУУХАД ТЭНД БАЙСАН ГАДААДУУД БҮГД НАД РУУ “КОРОНА” ГЭЖ ХАШГИРЧ, НАМАЙГ ГАДУУРХАЖ БАЙСАН-

-Та одоо хаана амьдарч байгаа вэ?

-Би цагаачийн байрандаа л байгаа. Нөгөө өрөөнөөсөө гараад өөр, өрөөнд орсон. Нэг гадаад эмэгтэй хамт байгаа.

-Та тусгай үүргийн онгоцонд багтаагүй юмуу. Ирэх арга замаа судалж үзсэн үү?

-Би анх хүсэлтээ дөрөвдүгээр сарын 20-нд өгсөн. Бас зургадугаар сарын 22-нд дахин өгсөн. Таван шаардлага байгаа ч би алинд нь ч багтахгүй. Гэхдээ маш их гомдолтой байгаа. Би ч гэсэн эх хүн. Миний ард амьдрал минь, хоёр хүүхэд минь байгаа. Бас би хүний нутагт үхээд сэхсэн хүн. Сэтгэл зүйн хувьд хүнд байна. Тэгэхээр онгоцонд багтахгүйгээс хойш ингэж хүлээж суумааргүй байгаа болохоор газраар дамжиж явах боломжийг судлаж байна. Бас санхүүгийн хувьд ч боломжгүй учраас зээл тавиад ч хамаагүй явахыг хүсэж байна.

-Одоо Шведэд нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Сүүлд өвчлөлийн талаарх мэдээлэл харахад 50 мянга давсан байсан.

-Ер нь таны байрлаж байгаа цагаачлалын байрны хувьд халдвар хамгаалалтын дэглэмийг хэр сахиж байна вэ?

-Халдвар хамгаалалтын дэглэм сахидаггүй ээ. Амны хаалт ч зүүдэггүй. Энд коронавирусийг байдаг л нэг ханиадны дэгдэлт гэж үзэж байгаа. Бүгд тусаж, сүргийн дархлаа тогтох ёстой гэж үздэг. Тиймээс дэлгүүрт амны хаалттай орохыг хориглодог. Амны хаалттай бол нийтийн тээвэр ч үйлчлэхгүй байгаа гэсэн.

-Та одоо өдрийг юу хийж өнгөрөөж байгаа вэ?

-Эх орондоо буцах арга зам, хоёр хүүхдээ л бодож өнгөрөөдөг. Надаас илүү хүнд байдалтай хүмүүс их байгаа гэж бодон их л тэвчлээ дээ. Хээл хахуульд баригдсан, арчаагүй төр засагтайдаа гомдоод барахгүй нь. Төр засагтаа итгэх итгэл улам л алдарч байна.

-Ярилцсанд баярлалаа. Эх орондоо хурдан ирээрэй. Танд эрүүл энхийг хүсье.