Д.Сумъяабазар: Наадмын өмнө шатахууны үнэ дахин 120 төгрөгөөр буурна

Д.Сумъяабазар: Наадмын өмнө шатахууны үнэ дахин 120 төгрөгөөр буурна

-"ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН-

УУХҮЯ-наас өнөөдөр  “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлыг хийлээ.

Хуралдааны эхэнд АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг. Манай хэлтсүүд шатахууны үнэ буулгах чиглэл авсныхаа дагуу шатахуун түгээх станцуудад очиж ажиллан хэдэн төгрөгийн бууралттай байна вэ гэдгийг хянаж ажилладаг” гэлээ.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СумъяабазарШатахууны үнийн өсөлтөөс бууралт хооронд их ярьдаг. Үүний ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч буурдаггүй. Дахиад шатахууны үнэ нэмэгдлээ, дагаад ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг нэмэгдэхээр ард нь найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг атлаа шатахууны үнэ буурахаар дагаад буурдаггүй. Энэ асуудлаар ШӨХТГ болон МХЕГ-ын удирдлагуудтай уулзаад, найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөлтөд хяналт тавь гэдэг чиглэл өгсөн. Нийгэм өнөөдөр шударга байдлыг хүсч байна. Гэтэл бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шатахуунтай холбон тайлбарладаг. Үүний ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор, дур зоргоороо нэмэх тохиолдол маш элбэг бий” гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах ажил юу болж байна вэ?

-Энэ ажлын бэлтгэлийг маш сайн хангасан байгаа. IPO хийхийн тулд одоо байгаа компани дээрээ гаргах гэхээр зургаан ордын найман тусгай зөвшөөрөл байгаа. Үүний хоёр орд нь нөөцөө тогтоож, борлуулалт хийж байгаа бол үлдсэн нь баталгаат нөөцөө тогтоогоогүй байгаа. Тиймээс хамтад нь олон улсын зах зээлд гаргаж болохгүй байна. Үүний оронд баруун, зүүн Цанхийн аль нэгэн дээр нь охин компани байгуулж олон улсын зах зээлд гаргах боломж байна. Энэ ажил л хүлээгдэж байгаа.  Би тавдахь өдөр “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудлыг УИХ-д дахин оруулна.

- Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарттай байдаг. Монгол Улсын хувьд төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас тодорхой асуудлууд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжид цэгцлэх ёстой. Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулдаг. Эдгээр ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хэмжээнд хангасан гэж хэлж болно. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад үүгээр дамжиж IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна.

–Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн  УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан хэдий ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Уг асуудал Засгийн газар түвшинд яригдаж байгаа юу?

-Оюутолгой төслийн гэрээний талаар бид сайтар ярилцах ёстой. Оюутолгой компани Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг болсон нь үнэн. Мөн улсын төсөвт жин дарж байгаа нь үнэн. Гаднын хөрөнгө оруулагч 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа нь мөн үнэн. Тиймээс бид асуудалд ухаантай хандах нь зөв. Олон улсын бүх санхүүгийн байгууллагууд ирж уулзаж байна. Мөн Канад, Австралийн Элчин сайд нар уулзсан. Хөрөнгө оруулсан хүмүүс хөрөнгөдөө санаа зовж байгаа. 700-1000 орчим туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд Оюутолгойд нийлүүлэлт хийж ажиллаж байна. Тэнд магадгүй таван жилийн дараа гэхэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсон хүчнүүд ажиллаж байна. Тиймээс бид гэрээнд нухацтай, зарчимч, мөн ухаантай хандаж гадна, дотоодынхонтой ярилцах ёстой гэж үзэж байна. Дубайн гэрээг бид зөвтгөөгүй.

Дубайн гэрээг засаж сайжруулах дараагийн хувилбар буюу гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг тавина. "Рио Тинто" компанийн удирдлагуудад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд саналуудаа өгч, ажлын хэсэг ч байгуулагдсан. Яамны зүгээс гэрээтэй холбоотой тооцоо, судалгаа, ТЭЗҮ зэрэг  холбогдох баримт бичгүүдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэж, ажлын хэсэгт хүргүүлж байна.

Хувь нийлүүлэгчтэй холбоотой зээлийн хүүгийн асуудал мөн татвар, эрчим хүч, Өмнөговийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаар сайдаар ирсэн даруйдаа  ажлын хэсэг байгуулж ажилласаар байна. Зээлийн хүүг бууруулах ёстой. Мөн татварын асуудал,эрчим хүчний асуудлыг тус тус шийдэж Өмнийн говийн бүс нутгийг эрчим хүчний хэрэглээгээр хангах ёстой. Энэ бүс нутгийг хөгжлийн төв болгож Даланзадгадыг уул уурхайд суурилсан орчин үеийн хот болгохын төлөө хүчээ нэгтэн ажиллах шаардлага бий. Талууд ширээний ард суух цаг тун ойрхон гэж бодож байна.

-"Оюутолгой" компанид Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийг солих уу?

-Энэ талаар ярилцаж байна. Саналаа ч хүргүүлсэн. Засгийн газрын түвшинд яригдах асуудал. Зөвхөн салбарын сайдын бодсоноор болчих асуудал биш.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө