БНАСАУ, АНУ хоорондын санал зөрөлдөөнтэй асуудлууд шийдэгдээгүй тул энэ онд уулзалт хийх төлөвгүй байна

БНАСАУ, АНУ хоорондын санал зөрөлдөөнтэй асуудлууд шийдэгдээгүй тул энэ онд уулзалт хийх төлөвгүй байна

Вашингтон Пёньяныг чиглэсэн байр сууриа өөрчлөхгүй бол БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалт энэ онд болохгүй гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү, ойрын туслах Ким Ё Жон өнөөдөр мэдэгджээ. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жоны "KCNA" агентлагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, БНАСАУ-ын АНУ-тай өрнүүлж буй хэлэлцээ зогсонги байдалд орсон тул одоогоор цөмийн зэвсгээс ангижрахгүй ажээ.

БНАСАУ, АНУ хоорондын санал зөрөлдөөнтэй асуудлууд шийдэгдээгүй байгаа тул Пёньян Вашингтонтой дээд хэмжээний уулзалт хийх “шаардлагагүй” гэж үзэж байна гэж Ким Ё Жон мэдэгдсэн хэдий ч ах нь Д.Трампыг хүндэлдэг гэдгийг нэмж хэлжээ. Хоёр удирдагч ойр дотно харилцаатай болохыг тэрбээр хэлээд, Пёньян цөмийн туршилт хийх, тив хоорондын баллистик пуужин харвах зэрэг Вашингтоны “ихэд” эмээж буй өдөөн хатгасан ажиллагаанаас зайлсхийсээр ирснийг хэлсэн байна. 

Сингапурт 2018 онд болсон анхны дээд хэмжээний уулзалтын үеэрээ Д.Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын хариуд Пёньянд аюулгүй байдлын баталгаа олгоно гэж амласан юм. Гэсэн хэдий ч Д.Трамп, Ким Жөн Ун нар өнгөрсөн оны хоёрдугаар сард Вьетнамд болсон уулзалтынхаа үеэр Вашингтоны цөмийн зэвсгээс ангижруулах шаардлага, Пёньяны хориг арга хэмжээг сулруулах уриалгын талаар санал зөрөлдсөн билээ.