Хабаровскийн захирагчийг баривчилсныг иргэд эсэргүүцэн жагсаал хийжээ

Хабаровскийн захирагчийг баривчилсныг иргэд эсэргүүцэн жагсаал хийжээ

Мужийн захирагчийг нь гэмт хэрэгт холбогдуулан баривчилсныг эсэргүүцсэн олон мянган иргэн өчигдөр ОХУ-ын Хабаровск хотод жагсаал зохион байгуулжээ.

Жагсагчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эсрэг агуулгатай уриа, зурагт хуудас барьсан байв. Учир нь Пүрэв гарагт Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг 15 жилийн өмнө гарсан хүн амины хэрэгт холбогдуулан баривчилсан юм. Тэрбээр хоёр жилийн өмнө эрх баригч Нэгдсэн Орос намын нэр дэвшигчийг сонгуульд ялж, мужийн захирагч болж байжээ.

Фургал өөрөө Либерал Ардчилсан Намын гишүүн бөгөөд сонгуульд ялснаар эрх баригч намын нөлөөг Хабаровскт бууруулж, нэр хүнд нь өссөн тул Москвагийн эрх баригчид зайлуулах арга хэмжээ авсан гэж нутгийн иргэд үзэж байна. Өчигдөр 600,000 оршин суугчтай Хабаровск хотын иргэдийн 40,000 орчим нь жагсаалд оролцсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь Хабаровск мужийн түүхэнд гарч байгаагүй өндөр тоо болохыг сөрөг хүчнийхэн мэдээлсэн байна.

Фургалыг 2004-2005 онуудад гарсан хоёр аллагын хэргийн захиалагч байсан гэж ОХУ-ын мөрдөн байцаах газар буруутгажээ. Харин орон нутгийн иргэд захирагчтай нь холбоотой хэргийг эрх баригчид яагаад 15 жилийн дараа гаргаж ирсэн явдлыг гайхаж, эсэргүүцээд буй юм.