Коронавирусийн халдвар нэмэгдэж Калифорни муж хорио цээрийн дэглэмээ буцааж сэргээлээ

Коронавирусийн халдвар нэмэгдэж Калифорни муж хорио цээрийн дэглэмээ буцааж сэргээлээ

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын хамгийн их хүн амтай муж болох Калифорнид хорио цээрийн дэглэмийг буцааж сэргээх шийдвэр гарлаа.

Өчигдөр тус мужийн захирагч Гэвин Ньюсом битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг бүх газруудыг даруй хаах захирамж гаргажээ. Үүнд ресторан, баар, музей, амьтны хүрээлэн, кино театр зэрэг газрууд муж даяар хаагдах бол хамгийн их халдварын тохиолдолтой дүүргүүдэд сүм, фитнес клуб, үсчин зэрэг газруудыг нэмж хаахаар болсон байна.

40 сая орчим хүн амтай Калифорни мужид өнөөдрийн байдлаар 330,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 7,000 гаруй хүн нас бараад байгаа.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд энэ мужийн коронавирусийн халдварын тохиолдол 20 хувиар өссөн юм. Өчигдөр бас тус мужийн хамгийн олон сургуультай хоёр дүүрэг ирэх намар сургуулиудаа нээхгүй, хичээлээ онлайн орчинд заах шийдвэр гаргажээ. Халдварын тохиолдол шинээр илрэх нь буурсан тул Калифорни муж тав, зургаадугаар саруудад хорио цээрийн дэглэмээ шат дараатай сулруулаад байв. Ньюсом захирагчийн шийдвэрийг тахлын нөхцөл байдал хүндэрсэн АНУ-ын өмнөд мужууд бас дагах магадлалтай байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө