Дэлхийн хамгийн өндөр анааш Гиннесийн номонд бичигджээ

Дэлхийн хамгийн өндөр анааш Гиннесийн номонд бичигджээ

Австралийн амьтны хүрээлэнд амьдардаг эрэгчин анааш дэлхийн хамгийн өндөр анаашны батламжийг Гиннесийн дээд амжилтыг бүртгэгчдээс авсан байна. Австралийн Күинслэнд мужийн амьтны хүрээлэнгийн удирдлага 12 настай Forest нэртэй анаашны өндрийг хэмжүүлэхээр хэдэн сарын турш ажилласны эцэст ийм үр дүнд хүрчээ.

Forest-ийн өндрийг 5.7 метр гэж Гиннесийн номонд бүртгэсэн байна. Нас бие гүйцсэн анаашны өндөр 4.5-аас 5.5 метрийн хооронд байдаг. Forest нь 2007 онд Шинэ Зеландын Оклэндын амьтны хүрээлэнд мэндэлж, хоёр настайдаа Австралид шилжиж иржээ.

Тэр цагаас хойш Forest анааш үржүүлэх хөтөлбөрт хамрагдаж, нийт 12 тугалын эцэг болсон байна. Удахгүй 13 дахь тугал нь мэндлэх гэж байгаа ажээ. Дэлхий дээр өнөөдөр оршиж буй амьтдын дотроос хамгийн өндөрт тооцогддог анаашийг устаж үгүй болох эрсдэлтэй төрөл зүйл гэж үзээд Улаан Номонд бүртгэсэн байдаг.