Тэрэлжид бясалгал хийж байгаад алга болсон бүсгүй одоог хүртэл олдоогүй байна

Тэрэлжид бясалгал хийж байгаад алга болсон бүсгүй одоог хүртэл олдоогүй байна

Энэ сарын 31-ний өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд байдаг “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-д бясалгал хийхээр очсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй О 22:35 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 01-ний өдрийн 11:04 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.

Албан бус сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "бүсгүй хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар ярьсан гэх бөгөөд утасны дугаараар нь шүүж үзэхэд тэрээр ээжээсээ өөр хүнтэй утсаар дахин холбогдоогүй байсан байна. Тухайн үед бид гэр бүлийн хүнээс нь асууж тодруулахад “Тэрэлжийн мэлхий хад орчимд бясалгал хийхээр явсан юм. Тэр өдөр ээж нь залгаад “бясалгалаа дуусаж байгаа бол ээж нь очоод авья гэж хэлсэн юм байна лээ. Харин ээжийг нь Тэрэлжид очиход охин байхгүй байсан гэсэн. Ойр хавийн хүмүүсээс сураглахад мэдэхгүй байсан.

Бид ус руу унаж, ой модонд төөрсөн юм болов уу гээд онцгой байдлын албан хаагчидтай хамтран ойр хавийн ой модыг самнан, эрж хайж байна” гэж мэдээлсэн юм.

Харин өнөөдөр тус алга болсон бүсгүйн талаар ОБЕГ-аас мэдэгдэхдээ “Долдугаар сарын 31-ний өдрийн  22:35 цагт энэ тухай мэдээллийг хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлэн, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 2-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Ингээд наймдугаар сарын 5-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, нэг автомашин, нийт 28 хүн, хоёр автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 20:00 цагт түр зогсоогоод байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд энэ мэтчилэн алга болох хэрэг ихэссэн бөгөөд эрлийн ажиллагааг зогсоосноос олон сарын дараа хээр хөдөөнөөс амиа алдсан байдалтайгаар олдох тохиолдол ч гарсаар байна.