УОК: Тусгаарлалтын байранд архидаж, дөрвөн давхараас хайрцагтай тамхи шидсэн зөрчил гарсан

УОК: Тусгаарлалтын байранд архидаж, дөрвөн давхараас хайрцагтай тамхи шидсэн зөрчил гарсан

УОК-ын Шуурхай штаб цаг үеийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-т мэдээлэл хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар бид тусгай үүргийн 51 нислэг үйлдсэн. Наймдугаар сар гараад нийт гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдийг эх орондоо татаж авсан. Одоогоор 10 мянга 865 иргэн тусгаарлалтаас бүрэн гарсан. Бид ойрын хугацаанд буюу энэ сарын 8-10-ний өдрүүдэд Алтанбулаг боомтоор Орос улсад гацсан 365 иргэдээ татан авна, мөн энэ сарын 10-11-ний хооронд Дорнод, Замын-Үүд боомтоор БНХАУ-д гацсан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн энэ үеэр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тэрээр “тусгаарлагдаж буй иргэд зөрчил гаргасаар байна. Тухайлбал, “Баянхангай” амралтын газарт тусгаарлагдсан дөрвөн иргэн архидан согтуурах зөрчил гаргасан бол “Эрхэс” буудалд тусгаарлагдаж буй иргэн дөрвөн давхарын цонхоор гурван иргэн рүү хайрцагтай тамхи шидсэн зөрчил гаргасан. Ингэснээр тухайн гурван иргэнийг хавьтал гэж үзэн тусгаарлаад байна. Мөн “Монголика” зочид буудалд тусгаарлагдсан хоёр иргэн шинжилгээ өгөхгүй хэмээн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулсан. Эдгээр иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусах үед хариуцлага тооцож, зөрчлийн хуулиар арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.