Хэдхэн минут хүлээж, тэвчээртэй хандсан бол нэг гэр бүл элэг бүтэн үлдэх байсан уу

Хэдхэн минут хүлээж, тэвчээртэй хандсан бол нэг гэр бүл элэг бүтэн үлдэх байсан уу

2020 оны долдугаар сарын 15. Архангай аймгийн Эрдэнэбулгэн сум. Ж.Банзрагчийн гэр бүл Тайхар чулууг үзэхээр Цагаан даваагаар өгсөж байв. Машины урд талын суудал дээр том охин Б.Энэрэл таван настай дүү Б.Ундрахтайгаа, харин урд талын суудалд гэргий О.Цэнгэл нь 10 настай хүү Б.Бадрах, дөрвөн сартай бага хүү Б.Тэгшжаргал, ээж нарынхаа хамтаар зорчиж явжээ. Гэвч бяцхан үрс нь шулганан инээлдэж, халуун ам бүлээрээ аз жаргалаар бялхаж байсан тэрхэн мөч нүд ирмэхийн зуур хар дарсан зүүднээс ч долоон дор нөхцөл байдлаар солигдоно гэж тэд яахан санах билээ. Гай газар доороос гэгчээр 300 литр шатахуун тээвэрлэж явсан ачааны машины тоормос эвдрэн шатахуун асгарснаас дэлбэрэлт үүсч энэ гэр бүлийн дөрвөн гишүүн харамсалтайгаар хорвоог орхилоо.

ТОМ ОХИН Б.ЭНЭРЭЛИЙН НЭГ ТАЛЫН УУШГИ НЬ УСТАЖ, БӨӨР ОРЛУУЛАХ АППАРАТАД ОРЖЭЭ

Гэр бүлийнхээ дөрвөн гишүүнийг ээлж дараалан алдсан ээж, охин хоёр амьдралын төлөө тэмцэхээр БНСУ-ыг зорьж, дөрөвхөн сартай балчир үр нь энд хоцорчээ. Том охин Б.Энэрэлийн биеийн байдал нь маш хүнд байсан тул Өмнөд Солонгост очсон өдрөө шууд хагалгаанд орсон байна.

Охины биеэр халдвар бүрэн тархаж, бөөр орлуулах диализын аппаратад орох болсон бөгөөд нэг уушги нь бүрэн устаж, нөгөө талын уушги нь ч устах магадлалтай байгаа аж.  

Харин О.Цэнгэлийн биеийн байдал харьцангуй сайн байгаа ч хоёр гар, хоёр нь хөл гүн түлэгдсэн байна. Тэрээр БНСУ-ын тусгаарлалтын эмнэлэгт байгаа бөгөөд тусгаарлалтаас гарсан даруйдаа хагалгаанд орохоор болжээ. Анх Солонгост очиход эмчилгээний зардал 300 сая төгрөг гэж байсан ч охины биеийн байдал хүнд байгаа тул 400-500 сая төгрөг шаардлагатай байгаа аж. О.Цэнгэлийн эмчилгээ 1-2 сар үргэлжлэх бол, охины эмчилгээ зургаан сар үргэлжлэх юм байна. Хагацал үзсэн хоёр амь, хорвоогийн хатууг хараахан ухаарах болоогүй нялх хүүгийнхээ төлөө хөл дээрээ босохоор шүд зуун тэмцэж байна. Тэдэнд туслахаар халуун сэтгэлт хүмүүс нэгдэн хандивын аян өрнүүлж, одоогоор 120 гаруй сая төгрөг цуглаад байна.

ЭХНИЙ ТЭРЭГ ЗОГСООД УРАГШАА ДАЙРАХГҮЙГЭЭР АРЫНХАА МАШИНУУДАД АНХААРУУЛСАН БОЛ ИЙМ ОСОЛ ГАРАХГҮЙ БАЙСАН

Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй. Осол гарсан өдөр ачааны машины жолооч тоормозоо эвдэрснийг мэдээд аргагүйн эрхэнд машинаа уул руу унагаж, урдаас ирж буй машинууд руу “Битгий, наана чинь бензин асгарчихсан байна, хойшоо ухар” хэмээн орилсоор очжээ.

Гэтэл хэн ч түүнийг тоосонгүй. “Сануулж, хэлсээр байхад маш их хэмжээний түлш асгарсан ослын хэсэгт машинтайгаа чихэж орж ирсэн нөхдөөс л боллоо. 

Эхний тэрэг зогсоод л урагшаа дайрахгүйгээр арынхаа машинуудад “бензин урсаад байна аа, ухар гэж сануулсан бол ийм аймшигтай осол гарахгүй байсан” гэж жолооч ярьжээ.

ТЭДНИЙ СУУЖ ЯВСАН МАШИНЫ АРД ТАЛЫН МАШИН НЬ УХРАХГҮЙ, УРД ТАЛЫН МАШИН НЬ МӨРГӨӨД ХӨДӨЛГӨӨН ХИЙЛГЭХГҮЙ БАЙСАН ГЭВ

О.Цэнгэл ослын өмнө цонхоор харахад газраар шингэн зүйл асгарчихсан байжээ. Тэрхэн мөчид муу совин татаж, “Буцъя аа, хайр аа” гэж нөхөртөө хэлэв. Талийгаач нөхөр нь жолоогоо эргүүлдгийн даваан дээр урд талын машин таг зогсчихож. Гэтэл яах ийхийн зуургүй тас хар утаа маналзан, гал оволзжээ.

Үүнийг батлах мэт тухайн үед ослын газарт очиж, гэмтсэн хүмүүст тусалсан залуу манай сайтад өгсөн ярилцлагадаа “Тэдний сууж явсан машины ард талын автомашин ухрахгүй, урд талын машин нь мөргөөд хөдөлгөөн хийх боломжгүй болгосон юм билээ.

Нөхрийг нь олоход гар нь шатчихсан, “Охиноо алдчихлаа гээд уйлаад, шатсан гарыг тайрдаг юм болов уу, өвдөөд үхлээ” гэх мэт үг хэлээд шоконд орчихсон, ухаан нь орж гараад хэцүүхэн байдалтай байсан" гэсэн юм. 

Энэ бүхнээс харахад хэрэв тэнд байсан иргэд жолоочийн анхааруулгыг сонсож, эхнээсээ урагш дайраагүй бол, жаахан ч гэсэн тэвчээртэй, хүлээцтэй хандсан бол, талийгаач машинаа эргүүлэхийг оролдох үед зам тавьж өгсөн бол өнөөдөр нэг гэр бүл элэг бүтэн үлдэх байлаа. Хайртай ээжийгээ, халамжит ханийгаа, энхрий үрсээ ээлж дараалан аймшигт ослоор алдана гэдэг үзгээр бичиж, үгээр тайлбарлаж боломгүй их уй гашуу. Гэсэн ч О.Цэнгэл бүсгүй хоёр хүүхдийнхээ төлөө шүд зуун тэмцсээр байгаа нь бахархмаар. Хурдан эдгэрч, ээжийгээ, эгчийгээ мөрөөдөн санаж буй хүү дээрээ ирээрэй.

ХАНДИВЫН ДАНС: Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.

5021715838, ХААН банк

2205040025, Голомт банк

472008534, Худалдаа, хөгжлийн банк

ХОЛБОО БАРИХ УТАС: 95452112, Талийгч Ж.Банзрагчийн ах А.Цэнд-Аюуш