Англи хэлний “акулууд”-ын хэл сурахад өгдөг нийтлэг зөвлөгөө юу вэ?

Англи хэлний “акулууд”-ын хэл сурахад өгдөг нийтлэг зөвлөгөө юу вэ?

Даяаршлын эрэн хэмээгдсэн XXI зуунд англи хэл “дэлхийн хэл” гэсэн “титмийг” зүүсээр удлаа. Ажилд орох зарын эхний тэргүүн эгнээнд,  “Англи хэлтэй байх” гэсэн шаардлага толгойлох болж, хэн бүхэн хэл сурахын хүслэн болжээ. Гэвч төдийлөн амжилтад хүрэхгүй, арга эвээ олохгүй байх нь олонтоо тохиолддог. Тэгвэл англи хэлний “акул”-ууд хэл сурахад туслах ямар зөвлөгөөг өгдөг, тэдний зөвлөгөөнд буй нийтлэг болон ялгаатай зүйл нь юу байгааг бид энэ удаа онцолж байна.

КОМЕДИАН Б.ИДЭР-ОД: БҮХ ҮГИЙГ ЦЭЭЖЛЭХ ГЭЖ ХИЧЭЭХ ХЭРЭГГҮЙ. ҮЙЛ ҮГНЭЭС ЭХЭЛ

“Call Pro” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, “Faro education” англи хэлний сургалтын төвийн захирал, “Ub comedy” клубын гишүүн Комедиан Б.Идэр-Одын хэл сурч буй хүмүүст өгдөг хамгийн эхний, энгийн атлаа чухал зөвлөмж бол "үг цээжлэхэд анхаарах". Гэхдээ англи хэлний бүх үгийг цээжлэх гэж хичээх хэрэггүй бөгөөд хамгийн түрүүнд үйл үгнээс эхлэн цээжлэх хэрэгтэйг тэрээр зөвлөжээ.

Учир нь англи хэлний үгийн бүтэц монгол хэлний үгийн бүтэцтэй төстэй буюу язгуурын араас нөхцөл аван шинэ үг бүтдэг тул үйл үгээс эхэлж цээжлэх нь хамгийн тохиромжтой гэж хэлж болно. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйл үгүүдийн үндсийг мэдэж байхад нөхцөл залган бүтсэн шинэ үгийг ч та давхар мэдэж үгийн баялагаа нэмэгдүүлж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудаж байна гэж хэлж болох юм. Үүнээс үгийг хэрхэн цээжлэх вэ гэдэг асуудал урган гарна. Мэдээж хүн бүр өөр өөрийн гэсэн арга барилаар үг цээжилдэг ч тухайн үгийг толгойдоо маш сайн төсөөлөн бодож цээжлэх нь илүү үр дүнтэй байдаг аж.

Хоёрт англиар ярихдаа хурдан ярих гэж хичээх хэрэггүй. Англи хэл анхлан суралцагчид англи хүмүүс шиг хурдан ярихыг хичээж, алдаа гаргадаг. Гаргасан алдаанаасаа ичиж дахин ярихгүй гэж шийдэх тохиолдол ч бий. Тиймээс аль болох удаан, цэгцтэй ярихыг хичээх хэрэгтэй. Анхлан англи хэл сурч байгаа бол яриандаа алдаа гаргах нь байж болох л зүйл. Иймээс алдаанаасаа эмээлгүй суралцахыг тэр зөвлөжээ.

Гурав,  үгийн өргөлтөд анхаар. Англи хэл бол өргөлттэй хэл. Монголоор нэгэн хэвийн өргөлтгүй ярьж болох ч англиар өргөлтгүй ярина гэдэг байж боломгүй зүйл юм. Үгийн өргөлийг буруу дуудсанаас шалтгаалан таны яриаг ойлгохгүй байх тохиолдол ч гарч мэднэ. Тиймээс үгийн өргөлт, дуудлагыг мэдэхгүй байвал заавал Google-ээс хайж зөв дуудлагаар нь сонсоорой.

О.БИЛГҮҮН: ДУРТАЙ ЗҮЙЛЭЭРЭЭ ӨӨРИЙГӨӨ СЭДЭЛЖҮҮЛ

О.Билгүүн нь "The university of Birmingham” сургуулийг уран зохиол судлаач, хэл шинжээчээр төгссөн бөгөөд таван орны хэлээр ярьж чаддаг. Мөн Франц сургуульд англи хэлний багшаар ч ажиллаж байжээ. Түүнийг хэл сурахаар шамдаж буй суралцагчдад өгдөг зөвлөгөөнүүд бол:

1.Хамгийн түрүүнд хэл сурах мотивациа олох хэрэгтэй. Хийх дуртай зүйл, сонирхлоо хэлтэй холбон судлах нь таньд илүү сайнаар нөлөөлөх болно. Жишээ нь та ном унших дуртай бол англи уран зохиолын, үлгэрийн номуудаас эхэлж болох юм. Хоол хийх дуртай бол “Youtube”-ээс хоолны дуртай нэвтрүүлгээ сонгон хадмалтай үзэж, хэлээ сайжруулж ч болно. Дуртай зүйлтэйгээ холбон хэлийг сурах нь тархинд “дарамт” учруулдаггүй тул сурахад илүү хурдан байдаг.

2.Англи дууг сонсож, дагаж дуулах. Ингэснээр таны дуудлага сайжрахаас гадна дууны утгыг ойлгож, шинэ үг сурах, Америк урлагийн сэтгэлгээнээс суралцах давуу талтай.

3.Хадмал орчуулгатай кино үзэх. Англи хэл сурч буй хүмүүст кино үзэхийг зөвлөх нь түгээмэл байдаг. Киноноос тухайн орны хүмүүс ямар биеийн хэлэмжээр ярьдаг, үгийн өргөлтөө хэрхэн дууддаг талаар судалж болно. Гэхдээ нэг анхаарах зүйл нь монгол хадмалтай киног үзэхгүй байхыг тэрээр зөвлөжээ. Учир нь хэдийгээр та тухайн киног англи хэлээр үзэж байгаа ч монгол хадмалд анхаарч, дуудлага, биеийн хэлэмж шинэ үг зэрэг гол зүйлсээ орхигдуулах магадлал өндөр байдаг. Англи хадмалаар нь үзээд ойлгоход хэцүү байвал, энгийн үгсээр ярилцдаг хүүхдийн кино, өдөр тутмын кинонуудаас эхлэх хэрэгтэй. Билгүүний хувьд “Friends” цувралыг үзэхийг зөвлөжээ.

4.Өөрийн яриаг гар утсандаа бичиж авах. Өөрийнхөө яриаг бичиж авсны дараа сонсоход гаргаж буй алдаагаа анзаарахаас гадна өргөлт болон үгийн дуудлагаа хянах боломжтой болж байгаа юм.Та тухайн өдөр юу хийсэн,  яг одоо юу бодож байгаа, эсвэл үзсэн кино гээд юу ч англиар ярьж болно. Үүнийгээ гар утсан дээрээ бичээд нэг сонсоод үзээрэй.

5.Англи хаяг, сувгуудыг дагах. Өөрийн хүрээлэл, мэдээлэл олж авах хэрэгслээ англи хэлтэй сувгуудаар өөрчилснөөр сонсгол сайжирч, үгийн баялаг нэмэгдэх давуу талтай аж. Мөн олон нийтийн цахим хаягаараа гадаад хүмүүсийг дагаж, post, бичлэг, үгийг хэрхэн цэвэр дуудаж байгааг харж болох юм.

YOUTUBER Б.ТҮШИГ: БҮХ ДҮРМИЙГ ЦЭЭЖЛЭХ ГЭЖ ХИЧЭЭХ ХЭРЭГГҮЙ

Монголын хамгийн их үзэлттэй Youtube сувгуудын нэг болох "Mongolian Youtuber Tushig" сувгийг хөтөлдөг Б.Түшиг англи хэлэнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг цөм үгнээс эхлэн цээжлэхийг юун түрүүнд зөвлөжээ. Тэрээр англи хэл сурч байхдаа толь бичгээс таарсан бүх үгээ цээжлэхийг хичээдэг байсан нь алдаа болсон гэж ярьдаг. Цөм үгнээс эхлэн цээжлэх нь үгийн язгуурын дараа нөхцөл залгахад дахин шинэ үгсийг мэдэх боломжтой болдог нь давуу тал юм.

Гол дүрмуудийг цээжлэх. Ихэнх хүмүүсийн хувьд англи хэлний дүрэм хамгийн том асуудал байдаг. Тэгвэл ашиглагддаггүй дүрмүүдийг сурах гэж цаг алдаж өөрийгөө зовоох хэрэггүй. Яриа, бичигт түгээмэл хэрэглэгддэг цөөн дүрмүүдэд анхаарч, тэдгээрийг ягштал цээжилж “өөрийн болгоход” д хангалттай.

Сонирхолтой байдлаар сурах. Өрөөний бүланд өдрийн зургаан цаг дүрмүүдээ давтах нь тийм ч хөгжилтэй зүйл биш. Ийм тохиолдолд залхах, шантрах нь их. Тиймээс сонирхолтой зүйлтэйгээ холбон англи хэлийг сурах хэрэгтэй хэмээн тэрээр зөвлөжээ.

Ярьж байхдаа алдаа гаргахаас хэзээ ч бүү ай. Би ярихдаа алдчихвал ямар байдалд орох бол, хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэгт анхаарах хэрэггүй. Алдсан ч ярьсаар бай. Гол нь алдаанаасаа суралцах нь чухал юм.

Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг Монгол залуус ийнхүү зөвлөжээ. Мэдээж эдгээрээс гадна тэдний зөвлөгөөнүүдэд давтагдаж буй хамгийн чухал зүйл бол тууштай байх юм. Гэнэт англи хэл сурч байгаагаа санасан хүн шиг олон цагаар суух биш, харин өдөр болгон тогтсон цагаар сурч англи хэлийг зуршил болгох нь хамгийн чухал зүйл гэдгийг сануулж буй.