Б.Мөнхбаясгалан: Сангийн сайдыг мөрдсөн эрэн сурвалжилга үргэлжилж буйг сануулъя

Б.Мөнхбаясгалан: Сангийн сайдыг мөрдсөн эрэн сурвалжилга үргэлжилж буйг сануулъя

Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын нэр бүхий сайд Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэсэн мэдээ гарч багагүй шуугиан тариад байгаа билээ.

Тодруулбал, БНСУ-ийн хэд хэдэн мэдээллийн сайтад “Монголын нэгэн сайд Ганнамд гурван байртай. Дэлхийн нийтэд коронавирусийн халдвар гарсан ч Монголын сайд Ганнам дахь үл хөдлөх хөрөнгөө авч үлдэхээр болсон гэж сонссон" хэмээн Солонгосын Засгийн газрын албан тушаалтан ярьсан тухай нийтэлсэн нь олны таамгийн сэжүүр болсон. Харин тэрхүү сайдыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байх магадлалтай гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.

Тэгвэл энэ талаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалан “Сангийн сайдыг”мөрдсөн эрэн сурвалжлага Солонгос, Монгол эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дунд үргэлжилж  буйг дахин сануулья! Хаашаа зайлах вэ дээ гарцгүй шүү дээ! Гурван жилийн өмнөөс эхэлсэн” хэмээн нүүр хуудсандаа нийтэлсэн байна. Өмнө нь тэрээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Хотгор шанагын уурхай”-г  Солонгосчуудад зарсан талаарх хэрэгтэй холбогдуулан “Цензургүй сурвалжлага”  бэлтгэн хүргэж байсан билээ.

Харин энэ мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  үгүйсгэн “Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй, тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.