Чехээс эх орондоо ирсэн 249 иргэнд Засгийн газраас нэг ч төгрөг гаргаагүй байна

Чехээс эх орондоо ирсэн 249 иргэнд Засгийн газраас нэг ч төгрөг гаргаагүй байна

Өчигдөр өглөө Прага-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 249 иргэн эх орондоо ирсэн билээ. Тодруулбал Чех улсаас нэн даруй буцах шаардлагатай 180 гаруй иргэнийг Европын холбоо, Чех улсын ЗГ болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран эх оронд буцаан авчирсан юм.

-ИРГЭД ГАДНЫ УЛСЫН АВИА КОМПАНИУДЫГ АШИГЛАН ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТИЙГ УДАА ДАРАА ӨГЧ БАЙВ-

Гэвч манай улсын Засгийн газар, УОК энэхүү ажлыг дахин өөрсдийн санаачлан, зохион байгуулж хийсэн ажил мэт ярьж, бичиж, тарааж эхлэв. Цар тахал гарч, хилээ хаасан үеэс манай улсын Засгийн газар болон УОК зөвхөн иргэдээ хорьж цагдах, айлгаж, сүрдүүлэх ажлыг л нэн амжилттай гүйцэтгэж ирсэн. Гэвч гадаадад гацсан иргэдээ шат дараалалтайгаар зохион байгуулалттай авчрах, ядарч зовсон иргэддээ энэрэнгүй хандах чиглэлийг огт барьж ажиллаагүйн дээр, зөвхөн тусгай үүргийн онгоцны өндөр төлбөрийг төлсөн иргэдийг л эх оронд нь буцаах үүргийг албан тушаалтнууд өгч байв.

Харин гадны улсуудад олон сар гацаж, нөхцөл байдал нь хүндэрсэн иргэд өөрсдөө арга зам хайн тухайн улсынхаа Засгийн газар, авиа компаниудад хандаж эх орондоо буцах хүсэлтийг гаргаж эхэлсний дагуу хэд хэдэн гадны авиа компани манай улсын иргэдийг авчрах зөвшөөрөл өгсөн  ч Монгол Улсын ЗГ зөвшөөрөөгүй билээ. Ямар учир шалтгааны улмаас зөвшөөрөөгүй гэдгээ тэд тодорхой тайлбарлахгүй өнөөдрийг хүрэв. Тэд гадны авиа компаниудад очих мөнгийг зөвхөн өөрсдөө авахаар шунахайрсан мэт хэд хэдэн хүсэлтэд зөвшөөрсөнгүй. Үүний цаана иргэд олон сар хүлээж, гэр бүлээсээ хагацан, амьдын зовлон үзсээр л... Харин гадны тусламжийн байгууллагууд үнэгүй авчрах хүсэлт тавихад дуртайяа хүлээн авч, “УОК-ын шийдвэрийн дагуу”, “Хоёр улсын хамтын нааштай ажиллагааны үр дүнд”, “Бид санал тавьж, хөөцөлдсөний дагуу” гэх мэт сүржин үгсийг ашигласан мэдээг тарааж байв. Энэ бол манай улсын ЗГ, УОК-ын хамгийн сайн хийж, гүйцэтгэж буй ажил.

-ХАРИН ЧЕХЭЭС 25 ХОНОГ МАШИНД ДАЙГДАН ИРСЭН ОХИНЫ АСУУДЛААС БОЛЖ УГ НИСЛЭГИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЧЭЭ-

Өнгөрсөн долдугаар сард ачаа тээврийн машинд 25 хоног дайгдаж Чех улсаас ирсэн охины явдлаас хойш Чех улс манай 170 иргэний онгоцны зардал, тусгаарлах байрны хөлсийг хариуцах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Харин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский твиттер дэх өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан "Чех улсын Засгийн Газраас санал болгож буй нислэг нь Чехээс ирсэн охинтой огт холбоогүй бөгөөд Чехийн Засгийн Газар дөрөвдүгээр сарын 10-нд уг нислэгийг санал болгосон болно" хэмээн мэдэгдсэн. Үүнээс харахад Чех улсын ЗГ дөрөвдүгээр сараас эхлэн иргэдийг үнэгүй авчрах саналыг тавьж байсан ч тэнд гацсан олон иргэдээ ахин хэдэн сараар гацааж, тэвчээрийг нь барах ямар шалтгаан манай улсын УОК-д байв? Харин Чехээс ирсэн охин тэдний ажлыг хэдхэн хоногт шалгаж, үнэн дүр төрхийг нь илчилснээр УОК, ЗГ сандран тус нислэгийг яаралтай хүлээн авахаар болсон юм.

Энэтхэгээс ирсэн ламхай нарын асуудал ч мөн үүний нэг жишээ. Тэднийг НҮБ-ын харьяа ЮНЕСКО-йин 100 хувийн санхүүжилтээр эх оронд нь буцаасан. Мөн өчигдрийн нислэгийн хувьд Чех өөрийн онгоцоор нислэг үйлдэх байсан ч МИАТ нислэг үйлдэх боломжтой талаарх хүсэлт илгээж улмаар уг нислэгийг үйлдсэн билээ. Хэдэн сар нислэгийн төлбөрөө нугалан ашиг хийж, иргэдээ шулсан МИАТ ч “алдагдал хүлээж байна” гэсэн мессежийг тарааж ниссээр...