Хурдаа хэтрүүлэн хүрдээ эргүүлэх жолооч та үхлийн өмнөөс яарч байна уу

Хурдаа хэтрүүлэн хүрдээ эргүүлэх жолооч та үхлийн өмнөөс яарч байна уу

 -ОРОН НУТГИЙН ЗАМД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ БУРУУ ТЭЭВЭРЛЭХ ЗӨРЧИЛ ИХ БАЙНА-
 
Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. Яг энэ үед аялж зугаалж, хөдөө орон нутгийг зорин аяны жолоо яаран мушгиж байгаа жолооч нарт Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа “Яараад яах вэ” аяны хүрээнд Төв аймгийн Баянцогт сумын замд нөлөөлөх арга хэмжээ зохион байгууллаа. Учир нь энэ л замаар баруун аймгууд руу жолооч нар зөрчил ихтэйгээр замын хөдөлгөөнд оролцдог байна.
 
Учир нь эрсдэлтэй гэгддэг орон нутгийн замд бага насны хүүхдийн зориулалтын бус аргаар буюу өвөр дээрээ суулгаж урд суудалд тээвэрлэдэг, хэт ядарсан үедээ жолооны хүрдний ард суудаг, хурд хэтрүүлэн давхидаг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэдэг зэрэг энгийн дүрмийг биелүүлээгүйн улмаас 2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж, 4,761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгаас бөгөөд үүний 45 нь хүүхэд байсан гэх харамсалтай тоон мэдээг албанаас өгч байна. Иймээс хөдөө нутгийг зорин яваа жолооч бүрийг зогсоож аяны талаар товч мэдээлэл өгч хурд хэтрүүлэхгүйгээр анхаарал болгоомжтой байхыг анхааруулан автомашин дээр нь яараад яах вэ гэсэн зурагт хуудсыг нааж нэг ч гэсэн автомашин дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь олон хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж ажиллав. Өнөөдрийн арга хэмжээнд иргэдийн хайрлан хүндэтгэдэг жүжигчин, Аримун продакшны захирал, СТА Д.Ганцэцэгээр дамжуулан замын хөдөлгөөнд хурдгүйгээр оролцох хэрэгтэйг сануулсан юм.
 
Мөн залуусын нэгдэл болох "Сrown club"- ийн 15 залуу нэгдлээ. Тэд залууст хандан уриалга гаргаж автомашинаа бүрэн тоноглолтойгоор унаж хэвших, холын замд гар утас болон согтууруулах ундаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг урилсан юм.
Яараад яах вэ аян нь орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах аж. Ингэхдээ Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг аж. Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна. Зөрчилд холбогдогчдын 75 хувь нь буруу жолооны хүрдтэй машин, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлдэг байна.
 
Сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Яараад яах вэ” гэж нэрлэсэн аяныг жолооч нарт чиглэн зохион байгуулж байна гэдгийг энэ үеэр тодотгон ярьж, жолооч нар танхааруулга хүргэж байв.