Беларусьт баривчлагдсан  ОХУ-ын 32 иргэнийг эх оронд нь буцаажээ

Беларусьт баривчлагдсан ОХУ-ын 32 иргэнийг эх оронд нь буцаажээ

Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Беларусийн Улсыг аюулаас хамгаалах хорооны /КГБ/ ажилтнууд Оросын 33 иргэнийг Минск хотод баривчлан, саатуулсан билээ. Оросын иргэд “Вагнер” гэдэг хувийн цэргийн компанийн ажилтнууд байсан бөгөөд Беларусьт олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээхээр ирсэн гэж Беларусийн КГБ мэдэгдээд байсан. Харин өчигдөр /2020.08.14/ тэдгээр иргэд эх орондоо буцаж ирсэн хэмээн ОХУ-ын Ерөнхий Прокурорын газар мэдээллээ.  Баривчлагдсан хүмүүсийн нэг нь Орос ба Беларусийн давхар иргэншилтэй байсан тул Беларусьт үлдсэн аж.  Албан ёсны мэдээллээр бол, тэдгээр иргэд нь  гуравдагч улс руу нисэхийнхээ өмнө Беларусьт түр саатаад байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Пескоов мэдэгдэхдээ “Саатуулагдсан хүмүүс хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй ба Орос улсын зүгээс Беларусийн дотоод хэрэгт оролцож байгаагүй, одоо ч оролцоогүй” гэсэн байна.