БНСУ-д хоёр монгол иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж байгаад баригджээ

БНСУ-д хоёр монгол иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж байгаад баригджээ

ОХУ-аас ирсэн хөлөг онгоцноос болж Бусанд цар тахал хурдтай тархаж иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хатуу анхааруулсаар байна. Харин энэ үед хоёр монгол иргэн журам зөрчин, гэр тусгаарлалтаасаа гарсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Бусан хотын Эрүүл мэндийн төв өнөөдөр (2020.08.27) монгол иргэд болох өсвөр насны эрэгтэй А, 50-аад насны эмэгтэй Б нарыг халдварт өвчнөөс сэргийлэх, зохицуулах актыг зөрчин, зөвшөөрөлгүйгээр тусгаарлалтаас оргож байхыг барьсан хэмээн мэдээллээ.

Бусан дахь их сургуульд сурдаг А өмнө нь энэ сарын 23-ны 19:49 цагт тусгаарлалтаас гарч яваад, ойролцоох хүнсний дэлгүүрт байхдаа баригджээ. Тэрбээр гэрт нь идэх зүйл юу ч үлдээгүй тул хүнс худалдаж авахын тулд тийм үйлдэл хийсэн гэдгээ мэдүүлсэн байна. А нь энэ сарын 14-нд Бусанд очсон бөгөөд наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл гэр тусгаарлалтад байх ёстой байсан аж.

Харин Б халдвар авсан хүний хавьтагч тул тусгаарлагдаж байжээ. Гэвч тэрбээр энэ сарын 24-нд 11:00 цагаас 13:00 цаг өнгөртөл хоёр цаг гаруй гадуур явж байгаад баригджээ. Тэр өдөр нийт 58 хүн тусгаарлалтаас зөвшөөрөлгүй гараад баригдсан аж. Тэдний 43-ыг өдгөө прокурорт шилжүүлж, долоог нь цагдаа нар шалгаж байна.

Эх сурвалж: kyeongin.com