Монголын Паралимпын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монголын Паралимпын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монголын үндэсний паралимпын хорооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа.

Уулзалтад МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монголын паралимпын анхны алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Өнгөрсөн 4 жил маш амжилттай хамтарсан. Агентлаг маш сайн ажилласны үр дүнд өнөөдөр Улсын хороо болон өргөжиж Ерөнхий сайдын дэргэд очиж байна. Нэг том удирдлагад ороод бусад орны хөгжиж буй жишгээр явах болсонд баяртай байна. Олон улсад эх орноо төлөөлдөг 2 том хорооны нэг Монголын үндэсний паралимпын хороо чадах бүхнээрээ дэмжиж, хамтарч ажиллана. Монгол улсын далбааг олон удаа мандуулж, спортоор дамжуулан үндэсний бахархлыг сэргээхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монголын паралимпын баг тамирчид Токиод болох паралимпын наадамд спортын 4 төрөлд 5 тамирчин албан ёсоор оролцох эрхээ авчээ.

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын хувьд Монголын үндэсний паралимпын хороог өнгөрсөн 4 жилийн хугацаанд чадах чинээгээрээ дэмжиж ажилласан. Ирэх жилүүдэд ч мөн адил дэмжих болно. Монголын паралимпын тамирчид ирэх онд зохион байгуулагдах паралимпын наадамд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаа. Токио-2020 хойшилсон ч тамирчдын бэлтгэлжилтийг алдагдуулахгүй байхад анхаарч, аль болох олон цугларалтад хамруулан тогтмол бэлтгэлтэй байлгахын тулд төсөв санхүүд нь анхаарч байгаагаа онцоллоо.

Монголын үндэсний паралимпын хорооны хувьд паралимп хойшилсонтой холбоотойгоор шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөлтөд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн спортын холбоодыг дэмжих, шинээр холбоод байгуулах талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Цар тахлын улмаас олон нийтийг хамарсан ажлуудаа хойшлуулсан.

Гэхдээ 11 дүгээр сараас нийслэлийн 4 дүүрэгт паралимпыг сурталчилсан өдөрлөг, сурталчилгааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Montsame