20 насандаа Дэлхийн бодибилдингийн аварга болсон Б.Хэрлэнтэй ярилцлаа

20 насандаа Дэлхийн бодибилдингийн аварга болсон Б.Хэрлэнтэй ярилцлаа

Монгол Улс, Улаанбаатар хот. “Golds Gym” фитнесс клуб. Нэгэн залуу “бодибилдингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга болно” гэсэн том зорилго өвөртлөн чимээгүй хэрнээ шаргуу хөдөлмөрлөнө. Түүнийг Батбаярын Хэрлэн гэдэг. Тэрээр 21 настай залуу тамирчин бөгөөд өнгөрсөн онд Дэлхийн Бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний 21 нас хүртэлх ангилалд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн алтан медалийг “шүүрч” чадсан адтай бөгөөд хөдөлмөрч нэгэн.

Б.Хэрлэн бага байхаасаа л хүчний бэлтгэлд сонирхолтой байсан бөгөөд  энэ спортоор 16 настайгаасаа хичээллэж эхэлсэн нь түүний амжилтын гарааны эхлэл болжээ. 20-хан настайдаа дэлхийн аварга болно гэдэг чамлахааргүй том амжилт. Энэ  амжилтын цаана нөр их хичээл зүтгэл, хөлс хөдөлмөр, цаг хугацаа бий. Бид Б.Хэрлэнтэй уулзаж, бэлтгэл сургуулилт, тэмцээний сонин сайхан болон түүний мөрөөдөл, хүслийн талаар ярилцлаа.

-ТАЙЛАНДЫН ДЭЛХИЙН АВАРГААС ИРЭЭД МАРГААШ НЬ
ШУУД Л БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ ЭХЭЛСЭН-

-Сайн байна уу. Хэрлэнгийн талаар “тийм уралдаанд амжилт гаргалаа, тийм тэмцээний аварга боллоо” гэсэн мэдээнүүдээс хүмүүс их сонсож байсан байх. Та бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн байна уу. Намайг Батбаярын Хэрлэн гэдэг. Би 21 настай. Бодибилдингээр тав дахь жилдээ хичээллэж байна. Хүүхэд насаа Гачуурт тосгонд өнгөрүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 85-р сургуульд арван жилээ дүүргэсэн. Дараа нь “Цахим” дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн. Одоо Дотоод хэргийн их сургуулийн “нэг дээр нэмэх” буюу бакалаврын дипломтой иргэдэд зориулсан хоёр жилийн шахуу хөтөлбөрт цагдаагийн ажил эрх зүйн ангид сурч байгаа.

-Яагаад бодибилдингээр хичээллэх болсон бэ. Гэр бүлээс тань спортын хүн байгаа юу.

-Бага байхаасаа л хурдан морь унадаг спортод хоббитой, адтай хүүхэд байсан. Хүчний бэлтгэл хийнэ гээд штанк их өргөдөг байлаа. Анх чөлөөт бөхөөр хичээллэдэг байхдаа өөрөөсөө ах хүнтэй барилдаж байгаад нуруундаа гэмтэл авч түр хугацаанд бөхийн бэлтгэлээсээ хөндийрсөн юм. Эмч зургаан сарын турш хүнд зүйл өргөж, бэлтгэл хийж болохгүй гэсэн тул хэсэг хугацаанд гэр, сургууль хоёрын хооронд л явах болсон. Жил гаруй бэлтгэлээ хийлгүй явж байгаад нэг удаа зааландаа очтол таньдаг хүн байхгүй болчихсон, нэг л хөндий санагдаж байсан. Тэгээд л “За ерөөсөө фитнесээр хичээллэж үзье” гээд найзуудтайгаа явж эхэлсэн. Би нэг эгчтэй. Аав ээж хоёр маань хоёулаа багш мэргэжилтэй. Гэр бүлээс спортын хүн байхгүй. Харин хамаатны маань дунд спортын хүн байдаг. Яг энэ спорт талаас манай гэрийнхэн тийм ч их мэдлэгтэй биш. Гэхдээ намайг байнга “тууштай байгаарай, ард талаас чинь чамайг сайн дэмжинэ” гэж урам өгдөг.

-Хамгийн сүүлд ямар тэмцээнд хүч үзэв?

-Бодибилдинг Монголд маш хурдацтай хөгжиж байгаа. Үзэгчид, сонирхогчид ч ихсэж, болж буй тэмцээн уралдаан болон тамирчдын чанар ч сайжирч байгаа. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 24,25-нд болсон Монголын мистер буюу Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван ангилалд өрсөлдөж гурвууланд нь алтан медаль авсан. Залуучуудын бодибилдинг буюу 21 нас хүртэлх ангилалд улсдаа дөрөв дараалж түрүүлсэн. Давхар насанд хүрэгчдийн 80 кг буюу “оpen бодибилдинг”-ийн ангилалд бас түрүүлсэн. Мөн 2018 оноос Монголд шинэ ангилал болж нэмэгдсэн төрөлд 40 гаруй тамирчидтай өрсөлдөж “Оver all” болж мөн түрүүлсэн. 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярья. Урьд өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээс юугаараа ялгаатай байв?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жилийн ХI сард БНСУ-ын Чежү хотод болсон. Би Залуучуудын бодибилдинг буюу 21 нас хүртэлх ангилалд нэмэх 75 кг төрөлд өрсөлдөж, дэлхийн аварга болсон. Дэлхийн аварга бол маш том тэмцээн. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгүүд нь хүрэлцэн ирж, өрсөлдөж байгаа шүү дээ.  Миний хувьд хамгийн том тэмцээн байсан. Өмнөх тэмцээнүүдээс мэдээж хэд дахин илүү их бэлтгэл хийсэн. Би 2018 онд Тайландад болсон бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо бэлтгэлээ тултал хийсэн гэж бодож байсан. “Энэ миний дээд хязгаар, дахиад бэлтгэл хийх шаардлагагүй” гээд очтол дөрөвдүгээр байранд орчихсон. Тэр үед үүнээс илүү их хөдөлмөрлөж байж аварга болох юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л Тайландаас шөнийн 11 цагийн үед Монголд ирээд, маргааш өглөө нь шууд бэлтгэлээ хийсэн. Тэрнээс хойш бүтэн жил яг 365 хоног хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ тасралтгүй хийж, дэлхийн аваргаас алтан медаль авсан. 

-ӨРСӨЛДӨГЧИД “МУНДАГ БАЙСАН ШҮҮ” ГЭХЭД БИ ҮНЭХЭЭР ТЭД
НАРААС ИЛҮҮ ИХ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ЮМ БАЙНА ГЭДГЭЭ МЭДЭРСЭН-

-Дэлхийн аварга болох яг тэр мөчид ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж аварга болсон гэж бодохоор өөртөө итгэхгүй маш их баярласан. Тийм мөчид үнэхээр өөртөө итгэж өгдөггүй юм байна лээ. Би ийм олон тамирчинтай өрсөлдөж яллаа гэж үү гээд л зүүд юм шиг санагдсан. Үнэхээр сайхан мэдрэмж төрж байсан.

-Анхны тэмцээнийхээ талаар бидэнд хуваалцаач?

-Хамгийн анх “Ирээдүйн мистер” гээд хотын аварга шалгаруулах тэмцээнд бараг хойноосоо хоёдахь байранд орсон. Тухайн үед ямар ч бэлтгэлгүй байсан болохоор медальт байранд шалгараагүй. Тэмцээний дараа шар гозойж бэлтгэлээ шаргуу хийж эхэлсэн дээ.  Харин хамгийн гоё хэзээ ч мартагддаггүй, сэтгэлд үлдсэн тэмцээн гэвэл 2018 онд “Power Nutrition” компаниас Монголд зохиосон олон улсын “Power cup” тэмцээн байсан. Тэр тэмцээнд бараг тайзан дээрээ багтахгүй олон хүн орсон. Тэднийг хараад л “Яаж ийм их хүн хүнтэй өрсөлдөж, медаль авна даа, бараг мултрах байх даа” гэж бодож байсан. Үзэгчдийн танхим дүүрчихсэн, нийт оролцсон тамирчдаас финалын 20-ийг дуудаж эхэлсэн юм. Миний нэр дуудагдахгүй байсаар эхний гурван байр үлдэхэд зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг л маш их сандарч байсан. Хоёрдугаар байрыг зарласны дараа өөрийгөө нэгд орсныг мэдээд шууд л нулимс асгарчихсан. Маш их баярлаж байсан. Тэмцээн дууссаны дараа хамт өрсөлдсөн тамирчид хажуугаар зөрөхдөө “Мундаг байсан шүү” гэж хэлэхэд “би үнэхээр л тэд нараас илүү их хөдөлмөрлөсөн юм байна” гэдгийг мэдэрч байсан.

-Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал шүү дээ. Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Би ямар ч тэмцээнд сэтгэл гаргаж оролцдог. Жижиг тэмцээн гээд бэлтгэлээ тэгэс ингэс гээд хийж байсан удаа байхгүй. Тэмцээн бол л тэмцээн гээд хамгийн сайнаараа бэлддэг. Тэмцээнд орохын өмнө тулгардаг хамгийн том асуудал бол хувь хүн өөрөө байдаг. “Тэмцээнд ороод ганц л медаль авна. Ингэж зовж байхаар больчихдог ч юм уу” гэж бодох ч үе гардаг. Тэр үеийг л давчихвал амжилтад хүрнэ гэж би боддог. Гэхдээ ганц медаль чухал биш. Үүнээс маш олон зүйлийг сурч, мэдэж байгаа шүү дээ. 

-Бэлтгэлийн үеэр хооллолтоо хэрхэн зохицуулдаг вэ?

-Яг 100 хувь хоолны дэглэм алдахгүйгээр тэмцээнд ордог тамирчин гэж энэ дэлхий дээр байхгүй байх. Миний хувьд долоон хоног юмуу, 14 хоногтоо “читмил”/ “cheatmeal” буюу долоо хоногт нэг удаа сүүлийн хооллолт дээрээ дуртай хүнсээ хүссэн хэмжээгээрээ идэх/ идэж өөрийгөө сэргээдэг. Читмил идэхээр сэтгэл санаа болон бие махбодийн хувьд ч сэргээд ирдэг.  Нүүрс ус, калороо тооцож байгаад л өдрөө сонгоно. Төрсөн өдөр болохоор хүн догдолдог шүү дээ. Яг тэрэн шиг читмэл хийх өдрөө төлөвлөхөөр баярлана шүү дээ. Байнгын хоолны дэглэм барихад хямрах үе байдаг. Тийм болохоор энгийн үед өөрийн дуртай хоолыг идэж сэргээх хэрэгтэй.

-БИ ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ БАЙГАА БОЛОХООР
АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА-

-Хамгийн их үлгэр дууриал авдаг тамирчин?

Монголын дөрвөн удаагийн мистер н.Ганзориг багшаасаа хамгийн ихээр үлгэр дууриал авдаг. Гадаадын тамирчдаас гэвэл мистер олимпиагийн долоон удаагийн аварга Филл Хит. Тэр хүний зан ааш, хандлага бэлтгэл хийж буй байдал гээд бүгд надад үлгэр дууриал өгдөг. Тэр хүн шиг л болно доо гэж бодож, урам зориг авдаг. Хамгийн анх хоёр найзтайгаа “Чийрэг Монголд” орж хичээллэж байхдаа гоё, гоё биетэй ах нарыг хараад ийм болно доо гээд урам авдаг байсан. Дотроо өөртөө том зорилго тавьж эхэлж байсан бол одоо ч түүнийхээ төлөө хичээж явна. Түвшин ахих тусам хүний зорилго, мөрөөдөл ахичихдаг юм байна лээ. “Анх одоо байгаа бие дээрээ оччихвол гоё болох юм даа” гээд эхэлж байсан, одоо  мундаг тамирчдыг хараад эд нар шиг мундаг болнодоо гэж боддог болсон. Одоо өөрөө ч үеийнхээ залууст үлгэр дууриалал болохыг хичээдэг.  

-Бодибилдингээр хичээллэхэд хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ? 

-Энэ спортын бүх зүйл нь гоё. Эндээс л би “кайф” гэдэг зүйлийг бүрэн утгаар нь мэдэрдэг. “Би дуртай юмаа хийж байна гэж бодохоор маш аз жаргалтай” байдаг. Шантрах, бууж өгмөөр санагдах үе зөндөө бий. Гэхдээ 100 хувь төгс юм гэж үгүй шүү дээ. 

-Та сая шантрах үе гардаг гэлээ. Тэр үед яаж өөрийгөө зоригжуулдаг вэ? 

-2017 онд Монголд ДАШТ зохиогдож байсан. Тэр үед би улсын аваргаас залуучуудад түрүүлж олон улсын тэмцээний эрхээ авчхаад хамгийн анхны ДАШТ-д орж байсан. Гадаадын тамирчид Монголд ирээд, тэмцээндээ бэлдэж эхэлсэн. Тухайн үед тийм мундаг хүмүүсийг хараад шантарч байсан. Тэд нарын хажууд жаахан хүүхэд шиг л санагдаж байлаа. Аргагүй шүү дээ, “танк шиг” л том биетэй залуучууд ирчихсэн байсан. Тэгээд өөрийгөө толинд хараад сэтгэлээр унаад “ер нь болъё доо. Миний хичээллэх төрөл биш байна” гэж бодсон. Дараа нь ер нь би яагаад шантрах ёстой гэж гээд л  буцаад зааландаа очиж бэлтгэлээ хийж эхэлсэн. 

-Бэлтгэлийн үеэр гэмтэж, бэртэх үе гардаг байх?

-Би одоо бэртэл авчихсан байгаа/инээв/. Зун барилдаж байгаад тохойгоо гэмтээчихсэн юм. Одоогоор эмчлүүлж байгаа. 

-Амжилтын цаана үргэлж гэр бүл байдаг шүү дээ. Танай гэр бүлийнхэн таныг хэр дэмждэг вэ?

- Би бодибилдингээр анх хичээллэж эхлэхэд 168 см байсан. Тэгээд нуруундаа бэртэл авсны дараа аав ээж маань “Чи заавал ийм том төмөр өргөх шаардлага байгаа юм уу” гэж байсан. Харин би “Үгүй ээ зөв техникээр хийж чадвал эмчилгээ болж, бүр илүү өндөр болдог юм байна” гэж хэлж байсан. Бэртэл авснаас хойш хоёр, гурван жил нуруундаа ачаалал өгөлгүйгээр бэлтгэл хийсэн. Сунгалтын дасгалтайгаа хослуулж хийсээр, одоо 176 см. Аав, ээж хоёр маань намайг юу ч болж байсан дэмждэг. Миний хүү өөрөө мэдэж байгаа гээд итгэдэг. 

-Дараагийн тэмцээндээ бэлдэж байна уу?

-Ойрд зохион байгуулагдах тэмцээн бараг байхгүй. Удахгүй манай холбооны хотын аварга болох гэж байгаа. Гэхдээ улсын аваргаас медальтай хүмүүс орж болдоггүй. Олон улсын тэмцээний тов гарвал бэлдэнэ. Цаашдаа насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн аварга болно гэсэн маш том зорилго тавьж бэлтгэл хийж байгаа. 

-ЭНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХЭЭ БОЛЬСОН ТАМИРЧИД ИХЭВЧЛЭН
САНХҮҮГИЙН АСУУДЛААС БОЛСОН БАЙДАГ-

-Тамирчин хүн юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Тэмцээний бэлтгэлтэй үед өглөө, орой хоёр хоёр цагаар бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ яаж хийж байгаагаа их анхаарах хэрэгтэй. Зарим тамирчин аль болох хүндээр бэлтгэл хийх гээд байдаг. Хүнд жингээр штанк өргөөд байвал бэртэх эрсдэлтэй шүү дээ. Тийм болохоор өөрт таарсан жин дээрээ л бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бас тамирчин хүн анагаахын мэдлэгтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг талаар судалгаа хийдэг гэсэн үг. Би “Power Nutrition” компаний тамирчин. Манайхаас тамирчиддаа мэдлэг олгох чиглэлээр сургалт ордог. 

-Тэгвэл Бодибилдингоор хичээллэх сонирхолтой хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Нэг үгээр бодибилдинг бол нийтийн биеийн тамир гэсэн үг шүү дээ. Ямар ч насны хүн хийж болдог. Хамгийн гол нь эхлэхдээ өөртөө зорилго тавьж, сайн судлах хэрэгтэй. Хэрэв жин хасах гэж байгаа бол яаж эрүүлээр жин хасах вэ, калороо хэрхэн зөв тооцох вэ гэж, жин нэмэх гэж байгаа хүмүүс уураг, нүүрс усаа хэтрүүлж хэрэглэхгүйгээр эрүүлээр жин нэмэхэд анхаарч судалгаа их хийх хэрэгтэй. Зарим хүн “би заавал үүнийг хийж байж, үр дүнд хүрнэ” гээд бодчихдог. Тэрэндээ хүрэх гээд л хүнд бэлтгэл хийж өөрийгөө ядрааж, амьдралын идэвхээ бууруулаад байдаг. Энэ спорт бол шинжлэх ухаантай хосолдог спорт. Тийм болохоор өөрт таарсан дасгалыг хоол, амралтаа тооцоолж системтэйгээр хийгээд байвал богино хугацаанд амжилт гаргах боломжтой. Бэлтгэлийг өдөр бүр хийгээд байвал л бие өөрчлөгдөж гоё болно гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь өөртөө таарсан дасгалын системийг олж, хоолны дэглэмийн талаар зөв ойлголттой байвал амжилтад хүрч, тодорхой үр дүнг үзүүлж чадна гэж бодож байна.

-Цагдаагаар сурч байгаа юм байна. Цаашдын зорилгынхоо талаар манай уншигчдад хуваалцаач. 

-Надад нэг мөрөөдөл байдаг. Бодибилдингийн спортын хаан нь гэж хэлэгддэг АНУ-ын өнгөт арьст Рони Колмон /Ronnie Coleman/ гээд тамирчин бий. Рони Колмон Мистер олимпиагийн найман удаагийн аварга бас цагдаа мэргэжилтэй. Нэг удаа би түүний цахим хаягаас “Намайг ажиллаж эхэлснээс хойш энэ дүүрэгт нэг ч хэрэг гарахаа больсон” гэж бичсэн байсныг олж харсан юм. Тэгээд л би яг ийм цагдаа болно гэж мөрөөддөг болсон. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тууштай зүтгэнэ ээ. 

-Монголд бодибилдингийн спорт хөгжихөд юу хамгийн их хэрэгтэй байна вэ. Та тамирчин хүний хувьд сайн мэдэх байх?

-Энэ спорт хөгжихөд хамгийн түрүүнд тамирчдад санхүүжилт, бэлтгэл хийх орчин хэрэгтэй байдаг. Монголын тамирчид цаанаасаа төрчихсөн аварга болох гентэй хүмүүс. Тамирчдыг олон улсын тэмцээнд явахад нь зардал дээр нь дэмжээд өгвөл жинхэнэ үзүүлээд өгнө гэж би боддог. Энэ спортоор хичээллэж байгаад больчихсон хүмүүсийг харахаар санхүүгийн асуудлаас л болсон байдаг. Тэрнээс болж сэтгэл санаагаар унаад больчихдог. Тамирчдыг жаахан дэмжихэд л Монголд ерөөсөө ирж байгаагүй, дэлхийн амжилтыг авч ирнэ гэж би боддог.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь тэмцээн, уралдаанд амжилт хүсье.

-Баярлалаа.