Он дуусахаас өмнө 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад оруулна гэв

Он дуусахаас өмнө 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад оруулна гэв

БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөл хориотой холбоотойгоор энэ жил импортоор орж ирэх бараа, материалд саатал гарсан. Гэсэн хэдий ч 30 сургуулийн өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг есдүгээр сарын 1-ний байдлаар ашиглалтад оруулаад байна. Ингэснээр сургуулийн суудлын тоо 14 мянгаар, цэцэрлэгийн орны тоо 6000-аар нэмэгдсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хэрэгжиж байгаа 140 сургуулийн барилга, өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байгаа. Хичээлийн шинэ жилээс өмнө 45 барилга ашиглалтад орсон. Он дуустал 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.Яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 104 барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Улсын дунджаар 92 хувийн биелэлттэй явж байна.

35 сургууль, 26 цэцэрлэг, найман дотуур байрны их засвар дууссан. 14 барилгын их засвар есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт дуусахаар байгаа. 17 барилгын их засварын ажлыг 2021 он руу дамнан хийхээр болсон.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд 45 цэцэрлэг, 15 сургуульд тавилга, тоног төхөөрөмж олгох ажил хийсэн. Түүнчлэн энэ жил улсын хэмжээнд 3300 багшид зөөврийн компьютер олгох ажил хийж дууслаа. Гадаадын зээл тусламжаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байна. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр, Япон улсын буцалтгүй тусламжаар гурван сургууль ашиглалтад орсон. Таван сургуулийг 10, 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн АНУ-ын цэргийн тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжлээд явж байна" гэлээ.