Ахмад дугуйчдын улсын аваргууд тодорлоо

Ахмад дугуйчдын улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын спортын мастер, ахмад эмэгтэй дугуйчин З.Ичинноровын нэрэмжит ахмад дугуйчдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төв аймгийн нутагт болж шилдгүүдээ тодрууллаа. Зургаан багийн 24 ахмад тамирчид цуваа, бөөн, багийн гэсэн төрөлд өрсөлдсөнөөс багийн төрөлд “Хоршоолол” цомын эзэд боллоо.

Бөөн гараат уралдааны 40-49 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Х.Пүрэвсүрэн, 35-39 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Р.Галбадрах нар түрүүлж, алтан медаль хүртсэн бол бөөн гараат уралдааны 40-49 насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго түрүүлэв. 50-59 насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Аттила” багийн тамирчин Д.Цэрэндолгор, 70-аас дээш насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров тэргүүлж улсын аварга болжээ.

Цуваа гараат ганцаарчилсан уралдааны 60-69 насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж түрүүлж, алтан медаль хүртлээ.

Тэмцээний цуваа гараат ганцаарчилсан уралдааны 35-39 нас, 40-49 нас, 50-59 насны эрэгтэй 25 км-ийн зайн уралдааны тэргүүн байрыг “Монруд” ХХК-ийн тамирчин Г.Анхбаяр, С.Түмэндэмбэрэл, П.Баасанцэрэн, цуваа гараат ганцаарчилсан уралдааны 70-аас дээш насны эмэгтэй 5 км-ийн зайд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров, 60-69 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Н.Сарангуа, 40-49 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго нар түрүүлж, аваргын алтан медалийн эзэд болсон байна.