Тулаанч П.Даваажаргал: Эмэгтэй хүн бүр биеэ хамгаалж сураасай. Тийм учраас тулааны клубээ байгуулсан

Тулаанч П.Даваажаргал: Эмэгтэй хүн бүр биеэ хамгаалж сураасай. Тийм учраас тулааны клубээ байгуулсан

Олон хүн тулааны спорт бол эрчүүдийн спорт гэсэн түгээмэл ойлголтыг тархиндаа шивчихсэн байдаг. “Үйл урлаж”, үр хүүхдээ асран, хоол хийж, хувцас угаах нь эмэгтэй хүний хийх ажил болохоос ширэн бээлий өмсөж, ширүүн тулаан хийх нь зохимжгүй гэдэг.

Гэвч энэ ядмагхан бодлыг өөрчлөхөөр тэмцэж, тулалдаж яваа бүсгүй бол Пүрэвжавын Даваажаргал. Тэрээр Монголын цөөхөн эмэгтэй ММА Тулаанчдын нэг, Олон улсын хэмжээний Мастер, “Ширэн бээлий” клубийн тамирчин төдийгүй саяхнаас өрх тусгаарлан “Hero fighting club” хэмээх өөрийн клубийг нээжээ. П.Даваажаргалын гол зорилго бол хаа нэг тэмцээнээс медаль авч, аварга болох биш харин эмэгтэй хүн бүрийг биеэ хамгаалж сурган, хүчирхийлэлд өртүүлэхгүй байх явдал. Том зорилготой, түүнийхээ төлөө цуцалтгүй зүтгэж буй залуу, эмэгтэй тулаанчтай бид энэ удаа ярилцлаа.

П.Даваажаргал

-ЭМЭГТЭЙ ХҮН БАЙЖ ЯАГААД ИЙМ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭДЭГ ЮМ.
ЧИ ЧИНЬ ИРЭЭДҮЙД ЭЭЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ  ГЭХ ХҮМҮҮС ОЛОН-

-ММА эмэгтэй тулаанч гэхээр хүмүүст их сонирхолтой санагдаж байгаа байх аа. Та яагаад холимог тулааны спортоор хичээллэх болсон бэ. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Пүрэвжавын Даваажаргал гэдэг. Би Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Намайг гуравдугаар ангид байхад манайх Улаанбаатарт нүүж ирсэн юм. Энд Сүхбаатар дүүрэгт ахлах сургуулиа төгсөөд Аварга дээд сургуульд хөдөлгөөн засалч эмчилгээний ангид элсэн, бакалавраа дүүргэсэн. Ер нь багаасаа л спортод хорхойтой, хөдөлгөөнтэй, дандаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог эршүүд байрын хүүхэд байсан л даа. Хичээлдээ дуртай ч биеийн хүчний спорт талдаа илүү дуртай байсан. Аравдугаар ангид байхад билүү дээ аав минь анх “охин хүүхэд биеэ хамгаалж сурах хэрэгтэй” гээд самбо, жүдогоор хичээллүүлж байсан юм. Тэр үед ерөөсөө тамирчин болъё гэж бодож байгаагүй. Зүгээр л биеэ хамгаалж сурах зорилготой байсан. Их сургуульд байхдаа Тайваны үндэсний спортын олс таталтаар хичээллэж, олон улсын мастер цолтой болсон. Олс таталтаар хичээллэдэг тул гарын шуу нэлээн хөгжчихсөн, бас жин ихтэй байсан. Тэр үед эгч маань “Чиний гарт чинь нэг юм байна даа, тулааны спортоор хичээллэвэл ямар вэ, тамирчин болдоггүй юм аа гэхэд ядаж биеэ хамгаалж сурна шүү дээ” гэж хэлээд “Ширэн бээлий” клубийн нэрийн хуудсыг өгч байсан юм.Тэр үеэс л тулааны спортоор хичээллэж эхэлсэн дээ.

-ММА буюу холимог тулаан бусад тулааны спортоос юугаараа ялгаатай юм бэ?

-Мутабоксд гар, тохой, өвдөг, хөл өшиглөх гэсэн техникээр тулалддаг. Кикбокс нь гар болон хөлөөр тулалддаг. Тохой ордоггүй. Харин ММА-д бол бүх зүйл чөлөөтэй. Гэхдээ толгой гэх мэт эмзэг эрхтний хамгаалалт байхгүй, гэмтэл бэртэл авах магадлал маш их. Хазах, үстэхээс бусдыг нь л хийдэг. ММА-д хөл, гараа хугалах, бүр үхсэн ч хамаагүй гээд гарын үсэг зураад ордог. Би энэ төрлөөр тултал явна гэж боддог.

-Анх хичээллэж эхлэхэд төсөөлж байснаас хэр байв. Жудо болон холимог тулаан техникийн хувьд өөр шүү дээ.

-Надад тулааны спортыг Олон улсын хэмжээний мастер н.Төрбат, Ш.Ганбаатар багш нар маань заасан. Ширэн бээлий клубд яваад эхний сар “кординаци” гэдэг боксын тусгай дасгал хийж эхэлсэн.  Мөр, хөл их өвдөж тухайн үедээ их шантарч байсан л даа.  Гэхдээ цаанаа бол их дуртай байсан. Дүргүйд хүчгүй гэдэг шүү дээ. Харин би тулааны спортод бүр дурлачихсан байсан.

-Хамгийн анхны тулааныхаа талаар яриач. Айж, сандарч, чадах болов уу гэж өөртөө эргэлзсэн үү?

-Би эхний таван сар хичээллээд л шууд Монгол улсад дөрвөн жил тутамд болдог спартакадад орж спартакадын хүрэл медаль бас эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын улсын аваргын хүрэл медаль авч байсан. Тэр үед маш их урамшиж байсан. Яагаад гэвэл зүгээр нэг тэмцээн биш, ОХУ, БНХАУ-аас шилдэг тамирчид нь ирж оролцсон том тэмцээн байсан юм.  Анхны тэмцээнээсээ анхны медалиа аваад ирэхэд багш маань надад цэнхэр толгойн хамгаалалт бэлэглэж байсан. Тэр л хэзээ ч мартагддаггүй.  Анхны тэмцээн дээр ерөөсөө медаль авна гэж ороогүй, тэгж бодоо ч үгүй. Зүгээр л өрсөлдөгчдөө анхаарлаа хандуулаад л “За Хятадын тамирчин юм байна. Заавал ялна даа л” гэж бодож байсан. Айх гэхээсээ илүү өөрийгөө их хурцалсан даа. Тэр тэмцээнээс хойш маш их тэмцээн, уралдаанд оролцсон. Оролцсон тэмцээн бүрээсээ алт, мөнгө, хүрэл гээд л медаль авч эхэлсэн.

Тэмцээнээс медаль авах бүртээ өөрийгөө хурцалж, илүү их хичээдэг болсон. Мэдээж ялж ч үзсэн, ялагдаж ч үзсэн. Ялагдал эргээд миний багш болж байсан. “Би тэрэн дээр ингээд алдчихлаа, дахиад ийм алдаа гаргахгүй” гээд л өөртөө дүгнэлт хийнэ шүү дээ.

-Хүмүүс эмэгтэй тулаанч гэхээр их гайхаж хүлээж авдаг байх?

-Эмэгтэй хүн яагаад эрчүүдийн спортоор хичээллэдэг юм, бие хаа чинь эвдэрч, толгой тархи чинь гэмтэнэ, чи чинь ирээдүйд ээж болно шүү дээ л гэдэг. Гэхдээ энэ бүх үгс миний чихний хажуугаар л өнгөрчихдөг юм. Яагаад гэвэл миний дотор илүү том зүйл байдаг болохоор, тэр хүмүүсийн үг зүгээр л жижигхэн саад, саад гэж хэлэхэд ч багадмаар өчүүхэн зүйл байдаг.

-Гэр бүлийнхэн тань яаж хүлээж авсан бэ. Анх холимог тулаанч болно гэхэд дэмжсэн үү, эсрэгээрээ юү?

-Анх ээжээс бусад нь бүгд намайг дэмжсэн. Ялангуяа аав маань миний номер нэг дэмжигч. Харин ээж л анх “ямар аймар юм бэ, миний охин гэмтэж, бэртвэл яах юм” гээд эсэргүүцэж байсан. Аргагүй шүү дээ. Эмэгтэй хүн байж нүдээ хөхрүүлчихсэн очиход санаа зовох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ медаль авч эхэлсний дараа намайг дэмжиж, урам өгч, намайг хурцалж эхэлсэн. Одоо ааваас маань илүү миний дэмжигч болсон доо.

-Таны хувьд хамгийн хүнд тулаан хаана, хэзээ болж байв?

-2016 онд Гуанжуд 14 хоног бэлтгэл хийж, зургаан хил хасаж байсан. Тэр халуун, бүгчим газар жин хасахад үнэхээр хэцүү байсан. Сүүлийн долоон хоног өдөрт 250 гр ус, маш бага жимс л идэж дэглэм барьж, жин хасч байсан. Тэр үнэ цэнийг гаргаж Мутабоксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Японы тамирчинг баруун өвдгөөрөө өвдөглөж ялаад мөнгөн медаль авч байлаа. Тэр үед маш их шар хөдөлж байсан. Яагаад гэвэл миний өмнө Монголын дөрвөн ч тамирчин ялагдал хүлээчихсэн байсан. Би жаахан үндсэрхэг үзэлтэй юм шиг байгаа юм. Тэр үед дэвжээн дээр гараад л Японы тамирчинг “муу самурайг ялна”гэж дотроо бодсон. Гэхдээ муу санах зүйл санаагүй, миний өөрийгөө хурцалж байгаа нэг хэлбэр юм болов уу. Дараа нь би тэр тамирчинтай таарчхаад “би ийм өндөр, том биетэй тулаанчийг ялчихсан гэж үү” гээд л гайхаж байсан.

-Эмэгтэй холимог тулааны тэмцээнүүд хэр их зохиогддог юм бэ. Хэчнээн тэмцээнд хүч үзэж байв?

-Ер нь жилд таваас долоон тэмцээн болдог. Одоо цар тахал гээд хил хаагдчихсан, тэмцээн, уралдаанууд нэг их болохгүй байгаа. Би олон тэмцээнд орж байсан. MMA тулаан, мэргэжлийн боксын бүсийн төлөөх тулаан, мута бокс, кикбокс гээд л олон төрлийн тэмцээнд оролцож байлаа.  Ялж ч байсан, ялагдаж ч байсан. Тэмцээн бүр надад туршлага бас багш болдог.

 П.Даваажаргал

-ММА-Д ГАР ХӨЛӨӨ ХУГАЛАХ БАЙТУГАЙ, ҮХСЭН Ч ХАМААГҮЙ
ГЭЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД ОРДОГ-

-Тэмцээнд ялалт байгуулж, медаль авах торгон мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?

-Яг медаль авах үед Монголынхоо төрийн далбааг дэлгээд, зогсдог. Тэр үед Монголынхоо нэрийг гаргаж байна, эх орныхоо тамирчдын төлөөлөл болж, дэлхийд таниулж байна гэж л бодогддог. Би чинь Монгол хүн шүү дээ. Монголынхоо нэрийг олон улсад дуурсгаж гэж бодохоор л үнэхээр бахархалтай санагддаг.

-Клубээ яагаад “Hero Fighting club” гэж нэрлэсэн юм бэ?

-Ширэн бээлийн клубд би анхныхаа гарааг эхэлж байсан. Харин саяхан өрх тусгаарлаж Hero Fighting club-г нээж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай өвөөг Баатар гэдэг. Өвөө маань Монгол улсын 38 дахь өмгөөлөгч. Өвөөгөөрөө их бахархдаг. Тэгээд л өвөөгийнхөө нэрээр “Hero” гээд нэрлэчихсэн юм.

-Тулааны спортынхон ер нь уур омогтой гэж хүмүүс яриад байдаг. Таны хувьд хэр уур ихтэй хүн бэ?

-Хүмүүс ер нь тулааны спорт гэхээр юу юугүй нүдэлцээд л, зодолдоод л, тамирчид нь хөмсөгөө сэтэлчихсэн, хамраа муруйлгачихсан явдаг гэж ойлгодог. Гэвч тулааны спорт хүний хүмүүжүүлж, төлөвшүүлдэг. Эсрэгээ боксынхон илүү хүмүүжилтэй, даруухан өндөр ёс суртахуунтай байдаг юм шүү дээ. Хүмүүс ММА-г хатуугаар бол нохой зодоон гэдэг. Гэхдээ энэ бол цэвэр спорт, ёс зүй, техник. Тулааны спортоор хичээллэдэг тамирчин гэхээрээ л таарсан болгоноо цохиж, зодоод байдаг юм биш. Хүмүүс хааяа хэлдэг л дээ. Чи нөхөрт гарвал нөхрөө барьж аваад зодчих байх гээд л. Гэхдээ тулааны спорт бол ёс зүй шүү дээ.

-Тулааны явцад бэртэл, гэмтэл авч байв уу?

-Би ер нь нэг их гэмтэл, бэртэл авдаггүй. Намайг жудо бөхөд байхад н.Барсүрэн багш маань биеэ сайн халаа гэж их хэлдэг байсан. Багшийнхаа үгэнд сайн орсны ачаар бардам хэлэхэд нэг их бэртэл авч байгаагүй. Нэг талаар миний давуу тал байх.

П.Даваажаргал

-МОНГОЛД ТАМИРЧИН БАЙХ, ТЭР ТУСМАА ЭМЭГТЭЙ
ТАМИРЧИН БАЙХ ХЭЦҮҮ-

-Эрэгтэй тамирчид эмэгтэй тамирчдаа хэр хүлээн зөвшөөрдөг вэ. Басах гэх мэт янз бүрийн зүйлтэй тулгарч байв уу?

-Спортоос хол хөндий хүмүүс л тэгж боддог байх. Харин эрэгтэй тамирчид аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Бас хүндэлдэг. Монголд эмэгтэй мундаг тамирчид олон байгаа.

-Тулаанд бэлдэхэд жин хасах хэцүү байдаг уу, эсвэл нэмэх нь хэцүү байдаг уу?

-Аль, аль нь л хэцүү. Жингээ хасаж байгаа бол нэгдүгээрт усаа багасгана. Хоолоо ч багасгана, тэгэхээр тархинд уураг дутагдана, хямрана, уурлана. Сүүлдээ дасаад сэтгэл зүйгээ бэлдчихдэг өлсөхөө ч больдог. Харин ус л уухыг их хүсдэг. Карантны ус урсаж байгаа нь хүртэл гоё сонсогдоно шүү дээ. Жин нэмж байгаа тохиолдол байсан. ОХУ-руу ММА тулаанд явж байхдаа нэмж байсан. Гэхдээ жин хасахаас илүү нэмэх хэцүү. Хоол идэхээс хүртэл дургүй хүрнэ. Гахай, нохой шиг идсэн ч жин нэмэхгүй, сүүлдээ бие хямраад ирдэг. Тэр үед гэхдээ ерөөсөө шантарч байгаагүй. Зүгээр жаахан ус уух юм сан л гэж боддог.

-Монголд холимог тулааны спорт хөгжихөд юу хамгийн их хэрэгтэй байна вэ?

-Хамгийн түрүүнд тамирчид бэлтгэл хийх талбай, заал хэрэгтэй байна. Энэ спортыг одоо авч явж байгаа хүмүүс бол тамирчин байгаад үзчихсэн, зовлон жаргалыг нь биеэрээ мэдэрсэн хүмүүс байдаг. Тэд нар л энэ  спортыг Монголд хөгжүүлчих юм сан гэж бор зүрхээрээ л хичээж байгаа. Засгийн газраас албан ёсны топ спортуудын нэг биш л бол анхаарал хандуулдаггүй. Тийм учраас эхний ээлжид бэлтгэл хийх, тэмцээн зохион байгуулах заал хэрэгтэй байна.

-Тэмцээний зардлын хувьд. Хэрэв ямар нэгэн тэмцээнд байр эзэлбэл шагналаараа зардлаа нөхөх боломжтой юу?

-Ер нь бол хэцүү. Шагнал өгдөг тэмцээнүүд ч байна, мөнгө өгдөг тэмцээнүүд ч байна, нэр хүндийн тэмцээн ч байна. Тиймээс бүх цаг хугацаа, сэтгэл зүй, санхүүгээ золиослон байж энэ спортоор хичээллэдэг. Монгол эмэгтэй тулаанчдыг жаахан л дэмжээд  өгвөл дэлхийд гарахад бэлэн. Мэдээж золиосгүй спорт гэж байхгүй.  Монголд тамирчин байх хэцүү. Эмэгтэй тамирчин байх бүр хэцүү.

-Та цаашид юуг зорьж байна?

-Би тулааны спортоор тултал явна, дэлхийд тамгалагдсан шилдэг тамирчин болно гэж боддог. Гэхдээ үүнээс чухал зүйл нь охид, бүсгүйчүүд намайг хараад урам зориг аваасай, надаар эмэгтэй хүний маань хувьд бахархаасай гэж хүсдэг. Тулааны спорт гэхээр л эрэгтэйчүүд хүч үзэх ёстой биш. Эмэгтэйчүүд юугаараа ч дутахгүй. Эмэгтэйчүүд битгий хүчирхийлэлд өртөөсэй,  өөрийгөө хамгаалж сураасай л гэж хүсдэг. Тийм учраас тулааны клубээ байгуулсан. Медаль, амжилт бол энэ зорилгодоо хүрэхийн тулд туулах л зүйл. Хамгийн том зорилго маань тэр. Би хүн болгон тамирчин болоосой гэж хүсэхгүй. Эмэгтэй хүн бүр биеэ хамгаалаад сураасай л гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа

Түүний байгуулсан "Hero fighting club" нь III,IV хороолол, Гандагийн хойд автобусны буудлын чанх ард, "Абсолют" төвийн дөрвөн давхарт байрладаг бөгөөд даваа, лхагва, баасан гаригуудад бүх насныханд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө