Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг маргааш албан ёсоор НЭЭНЭ

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг маргааш албан ёсоор НЭЭНЭ

Монгол улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг маргааш /2019.07.05/  албан ёсоор нээх гэж байна. 

Тус нисэх онгоцны буудал бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Маргааш мөн Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замыг нээх юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Шин Хаймин нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцоно гэж Зам тээврийн, хөгжлийн яамнаас мэдэгдлээ.

Маргааш 10.00 цагт хурдны замын нээлт болох бөгөөд үргэлжлүүлэн 11.00 цагт нисэх буудлын үйл ажиллагааг нээх аж. 

Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлнэ. 

“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна. 

Тодруулбал, Компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм байна. Японы Засгийн газраас энэхүү төсөлд зориулан олгосон нэн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт энэ жилээс эхэлж байгаа бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.1-0.2 хувь байхаар тогтсон билээ.

-ШИНЭ НИСЭХ БУУДАЛ НИЙТ 32 ОБЬЕКТООС БҮРДЭЖ БАЙНА-

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэх бөгөөд хамгийн том нь 53 мянган метр кв хэмжээтэй терминал юм. Нислэгийн цамхгийг 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьжээ. 800 метр кубын багтаамжтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 машины зогсоол, 200 машины дулаан зогсоол зэргийг бариад байна.

Мөн нисэх буудлын зурвасыг бетоноор барьсан бөгөөд манай улсын хамгийн том бетонон байгууламжид тооцогдож байна. Нисэх буудал онцгой объект тул бүх барилга нэмэлт генератортай юм байна. Мөн 1.5 км урт хонгилыг газар доогуур барьжээ. Цахилгаан холбоо, цэвэр бохир усны гэсэн хоёр салаатай хонгил нь манай улсын анхны газар доорх байгууламж аж. 

2006 онд эхлүүлсэн энэ төсөл 13 жилийн дараа буюу ЭНЭ ЖИЛ АШИГЛАЛД ИЙНХҮҮ ОРЖ БАЙНА. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө