Н.Төгсцогттой тулалдах байсан Эдуардо Рамирес коронавирусийн халдвар авчээ

Н.Төгсцогттой тулалдах байсан Эдуардо Рамирес коронавирусийн халдвар авчээ

Мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогттой тулалдахаар “Covid 19” цар тахлын сорьц, шинжилгээнд хамрагдсан Эдуардо Рамиресийн шинжилгээний сорьц эерэг буюу халдвартай гарчээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO /International Boxing Organization/ холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж, WBC  /World boxing council/ холбооны 57,2 кг жинд дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING TUG” Н.Төгсцогт 2020 оны есдүгээр сарын 19-нд Мексикийн “Zurdito” (Солгой) хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой “title eliminator” статустай /хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно/ Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болсон билээ.

Эдуардо Рамиресийн “Covid 19”-ийн сорьц эерэг буюу халдвартай гарсан учраас WBC холбооноос Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчийн нэрийг өнөөдөр дахин зарлажээ. WBC холбооны featherweight буюу 57,2 кг жингийн чансааг манлайлж, нэгдүгээрт бичигдэж буй манай Н.Төгсцогттой Барбадосын ”Soldier” Кобиа Брийдитэй тулалдуулахаар шийдвэрлэжээ.