Хүний амь эрсэдсэн Гашуунсухайтын замын эвдрэл хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэв

Хүний амь эрсэдсэн Гашуунсухайтын замын эвдрэл хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэв

Хоёр хоногийг өмнө/2020.09.05/ Гашуунсухайт боомт дээр хоёр хүнд даацын машин онхолдож, нэг жолооч нь газар дээрээ нас барсан бол нөгөө жолоочийн биеийн байдал нь тун хүнд эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын Ганц Модны боомт хүртэлх замд, хоёр хилийн дунд, Монголын талын замд авто зам эвдэрч, томоохон нүх үүссэний улмаас осол гарч нэг иргэн амь насаараа, нэг иргэн эрүүл мэндээрээ хохироод байна. Хэд хэдэн нүүрс тээврийн жолоочийн хэлж буйгаар осол гарсан тус зам эвдэрч, нүх үүсээд багагүй хугацаа өнгөрсөн аж. Гашуунсухайт боомтоор өдөрт хэдэн мянган машин өнгөрдөг боомт. Гэтэл зам эвдэрчхээд байхад дүлий дүмбэ оргиж, тоохгүй явсаар олон залуу эрүүл мэндээрээ хохирч, эцэстээ нэг гэр бүл өнчирч үлдлээ.

-ӨМНӨ НЬ ХЭД ХЭДЭН МАШИН "УНАЖ" БАЙСАН ГЭВ-

Гашуунсухайт боомтоор өдөр бүр 60-130 тонн нүүрс ачсан хүнд даацын автомашин явдаг тул зам элэгдсээр, эцэстээ хонхойж нүх үүссэн аж. Тус боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч Б "Хүнд даацын авто машинууд 70-130 тонн ачаатай учраас замын ялимгүй нүхэнд ч тэнцвэр алддаг. Бид өнөөдөр амь насаа дээсэн дөрөөн дээр тавин хэдэн хүүхдийнхээ төлөө л  эр зориг, ур чадвар гарган явж байна. Цагаан хадаас боомт өнгөрөх шороон зам одоо маш их эвдрэлтэй байгаа. Өмнө нь хэд хэдэн машин унаж байсан. Харин хоёр хоногийн өмнө нэг жолооч унахдаа амь насаа алдлаа. Түүнийг согтуу байсан гэсэн яриа гарсан байна лээ. Талийгаач Д архи, байтугай пиво ч хэрэглэдэггүй хүн байсан" гэсэн юм. Мөн жолооч Г "Замын нүх үүсээд хоёр жил орчим болж байна. Би бас онхолдож байлаа. Машин савах хэмжээний том, том нүхнүүд үүсчихсэн. Олон жолооч тэр нүхэнд онхолддог. Хичнээн чадвартай жолооч байсан ч хэцүү л явж өнгөрдөг. Ер нь нүүрс тээврийн жолооч нар их хэцүү нөхцөлд ажиллаж байна. Бидэнд анхаарах ямар ч байгууллага алга. Хэдэн хүүхдээ тэжээхийн төлөө л энд ингэж үйлээ үзэж байна" гэв.

-ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ-

Осол гарсан тус замыг ямар байгууллага хариуцан, засах ёстой байв? Хоёр хилийн хооронд 213 км замыг Гашуунсухайт хариуцдаг тул тэдэнд хамаагүй гэх. Тэгвэл түүнээс цааших замыг хил, гаалийнхан хариуцах ёстой юу, аль эсвэл Ханбогдын хот тохижилт хариуцах ёстой юу. Бид мэдээлэл авсан жолоочоос холбогдох байгууллагуудаас зам засахыг шаардсан эсэхийг асуухад "Гаалийнхан осол гарлаа гэхэд "өөрсдийн чинь буруу. Бусад нь зүгээр л яваад болоод байна" гээд өнгөрдөг" гэж байлаа. Цагаан хаднаас боомтоор гарахад Ханбогдын хот тохижилт хураамж авдаг. Гэтэл тэр зам нь одоо ч маш их эвдрэлтэй байгааг эх сурвалжууд онцолж байв. Мөн осол гарахаас ердөө нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайтын боомтод нисдэг тэрэг хөлөглөн өөрийн биеэр хүрэлцэн очсон. Энэ үеэр жолооч нар хоолны газар, бие засах газар, халуун устай амрах байр гэх мэт зүйлсийн  талаар ярьсан гэж зарим хэвлэлүүд бичжээ. Гэвч эрхэм сайдад энэ замын эвдрэлийн талаарх мэдээ дуулдаагүй өнгөрчхөв үү.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө