СУРВАЛЖИЛГА: Гэр хороололд арван жилийн турш "лийр" тарьж, ургуулсан Л.Отгонцэцэгийн гэрт зочиллоо

СУРВАЛЖИЛГА: Гэр хороололд арван жилийн турш "лийр" тарьж, ургуулсан Л.Отгонцэцэгийн гэрт зочиллоо

Баянгол дүүрэг, Бичлийн гудамж. Энгийн нэгэн гэр хороололд эрс тэс уур амьсгалтай Монголд ургахад бэрх лийр, интоор, чавга, гүзээлзгэнэ жимснүүд, цээнэ, сарнай, алтан зул цэцгүүд, улиас, хайлаас, агч мод зэргийг тарьж хашаагаа цэцэрлэгт хүрээлэн болгосон нэгэн айл бусдаасаа онцгойрно. Энэ айл бол Л.Отгонцэцэгийнх.

Тэрээр халуун, дулаан оронд ургадаг лийр жимсийг гэр хороололд арван жилийн турш уйгагүй зүтгэн тарьж, ургуулан өдгөө үр жимсийг нь хүртэн суугаа хөдөлмөрч бүсгүй. Бид түүний гэрийг зорьж, өөрийн гараар барьж босгосон цэцэрлэгт хүрээлэнгээр нь зочиллоо. Хаалгаар оруут л хоёр талаар цэцэг, жимс алаглах нь гэр хороолол биш, гадаад оронд  ирсэн юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлж байлаа. 

-ЗУРГААН ЖИЛ ТАСРАЛТГҮЙ АРЧИЛСНЫ ЭЦЭСТ
АНХНЫ ЖИМСЭЭ АВСАН-

-Та хэзээнээс лийр тарьж эхэлсэн бэ. Монгол шиг эрс тэрс уур амьсгалтай оронд лийр тарьж, ургуулахад хэцүү шүү дээ. Яагаад лийр тарих болов?

-Анх лийр тариалж эхэлснээс хойш арван жил өнгөрчээ. Аав, ээж маань энэ хашаандаа 60 гаруй жил амьдарсан. Би энд төрж өссөн. Хүүхэд байхаасаа ямар нэгэн зүйл тарьж, ургуулах дуртай байсан тул хоёрдугаар ангиасаа сонгино, төмс тарьж эхэлсэн. Тэр үед ээж маань намайг их дэмжиж, магтдаг байсан болохоор ээжийнхээ үгэнд урамшиж, улам их хичээдэг байлаа. Багийн маань хөдөлмөрийн хүмүүжил миний хобби болчихсон гэж хэлж болно. Тэгээд л бага багаар хашаандаа жимс, цэцэг, мод тарьсаар өнөөг хүрсэн. Дээр үед жимс их ховор байлаа шүү дээ. Алим, мандарин, лийрийг шинэ жилээр л иднэ. Жимсний үнэр сэтгэлд хамгийн дотно, сайхан санагддаг байсан. Ялангуяа лийрний үнэр хэзээ ч мартагддаггүй. Би лийрэнд их  дуртай хүүхэд байсан юм. Маш ховор байсан учраас өөрөө тарих юмсан гэж их боддог байлаа. Тэгээд л анх лийрний гурван суулгацыг  Оросоос захиж, тарьсан юм. 

-Лийр халуун, чийглэг оронд ургадаг жимс. Гэтэл та хашаандаа, Монголын нөхцөлд бүр ил задгай тарьж, ургуулж чадсан байна. Лийр тарьж, ургуулахад ер нь хэр зэрэг арчилгаа шаардагдаж байна?

-Анх лийрний суулгац захихад 50 орчим см орчим, нэг тохой хүрэхээргүй мод ирж байсан. Одоо хашаанаас өндөр болчихсон, үр жимсээ өгч байна. Лийр бол их арчилгаа шаарддаг жимс. Ер нь бүхий л жимс, ногоог тарьж ургуулна гэдэг маш их сэтгэл, хөлс, хөдөлмөр, цаг хугацаа ордог ажил. Өмнө нь нэг хүнд алимны мод захьтал, андуураад давжаа алимны мод өгчихсөн байсан. Бүр сүүлд ургахад нь л мэдсэн. Тэгээд лийрний суулгац ирэхэд “лийрний мод мөн юм болов уу” гэж санаа зовж байсан. Дөрөв, таван жил тасралтгүй усалж, арчлахдаа “лийр гарах болов уу”, “лийрний мод мөн юм болов уу” гэж их хүлээдэг байсан. Тэгээд зургаан жилийн дараа анхны жимс гарсан даа. Ер нь хамгийн их арчилгаа шаарддаг жимс бол лийр. Хүйтэн усаар ч усалж болдоггүй их эмзэг төрлийн жимс.

-Гурван лийрний мод жилд хичнээн хэмжээний ургац өгч байна?

-Өнгөрсөн жил 36 кг лийр авсан. Энэ жил 20 гаруй кг лийр авах байх. Энэ жилийн хаврын салхинд цэцгүүд нь нэлээд унасан. Тэгэхээр жимс алддаг талтай. Лийрээрээ одоо компот хийж дарж байгаа.

-Хэчнээн төрлийн цэцэг, жимс, мод ургасан байгаа вэ?

-Эмэгтэй хүн бүр өөрийгөө цэцэгтэй зүйрлэдэг. Сайхан энерги өгч, байгалийн сайхан өнгүүдийг цэцэгнээс хардаг. Тиймээс би олон цэцэг тарьсан. Цээнэ, наран цэцэг, мандарваа, сарнайн бут, алтан зул гэх мэт арав гаруй төрлийн цэцэг тарьсан. Бас алтан улиас, гүнждийн навч, базилик, жууцай, чавганы мод, эрдэнэ шиш, уутат помидор, гүзээлзгэнэ, агч мод, интоор, алимны моднууд тарьсан. Зарим нь жимсээ өгч эхлээгүй байгаа. Манайх эцэг, эхээс тавуулаа. Би ээждээ зориулж алимны мод тарьсан юм. Гэтэл тэр модноос хамгийн анх таван алим ургасан. Тэр үед үнэхээр бэлэгшээж байлаа. Бас аавдаа зориулж алимны мод тарьсан. Жимсээ арай өгч эхлээгүй байна.

-Усалгаагаа яаж хийдэг вэ?

-Манайх 2010 онд гүний худаг ухуулсан. 130 метрээс доош ухаж байж гүний худаг гардаг. Би өглөө зургаан цагт босож, хоёр хувингаар цэцэг, жимснүүдээ усалчихдаг.

-Шавьжаас яаж хамгаалдаг вэ?

-Шавьжны эсрэг ямар нэгэн юм хэрэглэдэггүй. Өөрийнхөө бас хүүхдүүдийнхээ идэж байгаа зүйл рүү хор цацаж болохгүй шүү дээ. 

-ГЭР ХОРООЛОЛ ХЭДИЙ Ч ЗАЙСАНД АМЬДАРЧ БАЙГААГААС
ДУТАХААРГҮЙ БҮР ИЛҮҮ САЙХАН АМЬДАРЧ БАЙНА-

-Та хоббигоороо энэ бүгдийг тарьж, ургуулсан гэлээ. Энэ бүхнээсээ маш их урам зориг эрч хүч авдаг байх. 

-Тэгэлгүй яахав. Би өөрийн гараар тарьсан эрүүл хүнсийг хэрэглэж байна. Энэ хамгийн чухал нь. Зуны өглөө сэрээд гэрээсээ гарахад л хашаанд маань маш олон шувуу цуглачихсан, өвсний үнэр, агаар гээд жинхэнэ байгалийг хашаандаа мэдэрч, эрч хүч авдаг. Миний хувьд диваажингийн бяцхан цэцэрлэг маань. Хашаандаа модон дунд алхаж байхад амар тайвныг мэдэрч, диваажинд амьдарч байгаа юм шиг л санагддаг.  Гэр хороололд амьдардаг гээд л гараа хамхиад шороо тоосонд дарагдаад, зүгээр сууж болохгүй шүү дээ. Би хэдий гэр хороололд амьдардаг ч Зайсанд амьдарч байгаагаас дутахгүй, харин ч илүү амьдарч байна гэж боддог. Байгаль хүнийг жаргааж, эрч хүч өгч, цэнэглэж байдаг. Харин би хашаандаа бяцхан байгалийг бий болгочихсон байна. Бас гэр бүлийн уур амьсгал ч халуун дулаан сайхан болдог. Хамтдаа тариалж, хамтдаа ургуулж бүхнийг хамт хийнэ. Хүүхдүүд маань ч хөдөлмөрч, ажилд дөртэй болсон.

-Хашаандаа сайхан амьдарч болдгийг та харуулж байна. Гэр хорооллын бүх айл танайх шиг болох боломжтой гэж та бодож байна уу?

-Гадаадын хөгжилтэй орнуудын айлууд хашаагүй байдаг шүү дээ. Германд хүртэл хашааны өндрийг заагаад өгчихсөн байдаг. Нэг талаар хүчирхийллээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Харин Монголд хашаагаа аваад хаячихвал тэр дороо цэцэрлэг маань үгүй болчих байх. Яагаад гэвэл ногоон байгууламж ховор учраас олон хүний гарт сүйдчихнэ. Үнэндээ хотыг ногоон болгох амархан шүү дээ. Гол нь хүмүүст хийе, бүтээе гэсэн хүсэл, эрмэлзэл төдийлөн байдаггүй. Ихэнх хүн боломжгүй гэж хэлдэг. Харин би боломжтой шүү гэдгийг харуулахыг хүссэн юм. Хийе, бүтээе гэсэн урам зориг, эрч хүч надаас аваасай гэж боддог. Мэдсэн сурсан бүхнээ бусадтай хуваалцах нь хамгийн сайхан зүйл. Би ч мэдсэн сурсан бүхнээ хөршүүддээ хуваалцахыг хүсдэг. Хэрэв намайг хотын дарга болговол би гурван жилийн дотор л хотыг нов ногоон болгох байсан гэж боддог. Бид одоо хичээвэл ирээдүйд үр хүүхдүүд маань сайхан орчинд амьдарна шүү дээ.