Угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг уриаллаа

Угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг уриаллаа

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөв галлагааны заавар зөвлөмж, угаар мэдрэгчийг хэрхэн ажилуулах талаарх мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэлээ. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал нар өглөө.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлийн зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг суурилуулсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж орсон дүүргүүдэд 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурилуулах ажлыг хийж байна. Иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахын тулд угаарын хийн мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг сайтар шалгахыг уриалж байна. Энэ сарын 19-ний өдрийн 20.00 цагт бүх айл өрхийг угаарын хий мэдрэгчийг шалгахыг уриалж байна” гэв.

“Сүүлийн өдрүүдэд хүйтэрч байна. Гэрт амьдарч байгаа иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартсан байсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэхээр иргэд өөрсдөө зайг нь салгасан, тестэлж үзээгүй шалтгаан хэлж байна. Тэгэхээр иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг сануулж байна. Иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй” гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил зөвлөлөө.

Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулжээ. Тус албаны хяналтын ажилтнууд нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэхээс гадна өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх зэргийг шалгаж байгаа аж.

“Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал “Галлагаа эхэлсэн энэ үед угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн дуудлагын дагуу очиход түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад бороо ороод байна гэх шалтгаанаар өрхөө бүтээж унтсан байсан. Тиймээс шахмал түлш шаталт удаан учраас гэрт амьдарч байгаа иргэдийг яндангаа битгий аваач гэж зөвлөмөөр байна. Хяналтын ажилчид маань гэрт амьдарч байгаа иргэдэд зориулаад агааржуулалтын хоолой хийж өгч байна.Ийм тохиолдолд өрхөө татаж яндангаа авах шаардлагаггүй. Дахин зөвлөхөд иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна” гэлээ.

Иргэд угаар мэдрэгч болон сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар 7011-9400 дугаар утсанд хандан мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм.