Б.Аригуун: Цагдаа нар бичлэгээ олон нийтэд цацвал “хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн

Б.Аригуун: Цагдаа нар бичлэгээ олон нийтэд цацвал “хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн

Өчигдөр /2020.09.15/ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Өвөр Монголын Өөртөө Засах орон /ӨМӨЗО/-нд болж буй монгол бичгийн асуудлыг эсэргүүцсэн манай улсын зарим иргэд тайван жагсаал хийсэн.

Гэтэл энэ үеэр Гадаад хэргийн яамны ойролцоо явж байсан нэгэн иргэнийг цагдаагийн албан хаагчид үндэслэлгүйгээр шалгаж, автомашиндаа хүчээр суулгахыг оролдож буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан юм. Цагдаа нарт үндэслэлгүйгээр шалгагдаж, хүчээр саатуулагдсан иргэнийг Б. Аригуун гэдэг бөгөөд бид түүнтэй уулзаж, хэрэг явдлыг тодрууллаа.

Тэрээр хүүгээ авахаар явж байсан бөгөөд жагсаалын хажуугаар өнгөрөхдөө хэсэг хугацаанд саатаж бичлэг хийсэн байна. Гэтэл цагдаа нар тодорхой шалтгаангүйгээр түүний биед халдаж хүчээр машин руугаа чирсэн тул уг иргэн сандрахдаа өөрийн цахим хуудсаараа “шууд дамжуулалт”/live/ хийжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж, биеийн байцаалт, хурууны хээгээ өгсний дараа цагдаагаас “Таныг хүн амины хэрэгт сэжиглэж байна. Төрийн нууц учир хэлэх боломжгүй” гэжээ. Мөн түүнийг хийсэн бичлэгээ олон нийтэд цацвал “хариуцлага тооцно” гэж сүрдүүлжээ.