Европын удирдагчид Японы шинэ ерөнхий сайд Сүга Ёшихидэд баяр хүргэлээ

Европын удирдагчид Японы шинэ ерөнхий сайд Сүга Ёшихидэд баяр хүргэлээ

Европын удирдагчид Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэд баяр хүргэжээ. Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель “Twitter” хуудсаараа дамжуулан Сүга Ёшихидэд халуун баяр хүргээд, ЕХ-Японы харилцааг бэхжүүлэх, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон  Сүга Ёшихидэг томилогдоно гэж найдаж байснаа илэрхийлэн, өнгөрсөн долоо хоногт талууд чөлөөт худалдааны “түүхэн” хэлэлцээр байгуулсныг тэмдэглэжээ.

Мөн тэрбээр хоёр орны харилцаа шинэ түвшинд хүрснийг энэхүү үйл явдал харуулсан хэмээгээд, “Баяр хүргэе” хэмээх үгийг Япон ханзаар бичсэн байна.

Германы Канцлер Ангела Меркель "Сүга Ёшихидэ Японы улс төрд олон жилийн турш зүтгэсээр ирсэн бөгөөд Герман, Японы харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин гүнзгийрсэн" хэмээгээд цаашид олон талт үзэл, чөлөөт худалдааг хөгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.