ТОДРУУЛГА: Тусгаарлагдаж байхдаа хуруугаа гэмтээсэн хүү Госпитальд хагалгаанд орохоор болжээ

ТОДРУУЛГА: Тусгаарлагдаж байхдаа хуруугаа гэмтээсэн хүү Госпитальд хагалгаанд орохоор болжээ

БНСУ-д ажиллаж, амьдардаг нэгэн гэр бүл өнөөдөр хэвлэлд хандсан. 

Учир нь тэд ой гарантай хүүгээ 2020 оны есдүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн чартер нислэгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт Монгол руу явуулжээ. Хүү итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт “Maison” гэх буудлын 508 тоот өрөөнд тусгаарлагдаж байсан бөгөөд энэ сарын 14-ны өдөр шүүгээнд гараа хавчуулж улмаар гурван хурууных нь шөрмөс тасарчээ. Буудлын ажилтнуудад энэ тухай хэлэхэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх юу ч байгаагүй байна. Ингээд ГССҮТ-өөс эмч дуудсаны дагуу ирж оёдол тавьжээ. 

Хүүгийн гарт оёдол тавьсан эмч хэлэхдээ "Гурван хурууных нь шөрмөс тасарсан. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай. Хагалгаанд оруулахгүй удвал наалданги үүсэж, шөрмөс залгах боломжгүй болно. Шөрмөс залгасан ч хуруунууд нь насан туршдаа хөдлөхгүй болох эрсдэлтэй. Тиймээс шөрмөс суулгах хагалгаанд яаралтай оруул" гэжээ.

Ингээд хүүгийн ар гэр Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд өргөдөл гаргаж хүүхдээ яаралтай тусгаарлалтаас гарган эмнэлэгт хэвтрүүлэх шаардлагатайгаа учирлажээ. Эхлээд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас хүүгийн ар гэрийнхэнд боломжгүй гэх хариуг өгч байсан ч өнөөдөр хагалгаа хийлгэхийг зөвшөөрчээ. 

Бид хүүгийн ээжтэй холбогдон энэ талаар тодруулахад “Хэвлэл мэдээллээр дамжуулан УОК, ЭМЯ-нд мэдээлэл хүргүүлсний дараа хүү маань хагалгаанд орохоор боллоо. Өнөөдөр буудлаас нь  эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гарсан байна. Хүү маань “Цэргийн төв госпитал”-д хагалгаанд орно” гэлээ. 

Хүүгийн тусгаарлагдах өдөр есдүгээр сарын 25-нд дуусах ба дахин найман өдөр өнгөрч, хугацаа алдахаар байсан юм.