Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг: Ардчилсан нам хэлсэндээ хүрдэг үү, нэг туган дор нэгдэж чаддаг уу

Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг: Ардчилсан нам хэлсэндээ хүрдэг үү, нэг туган дор нэгдэж чаддаг уу

Энэ эмэгтэйг Гончигдоржийн Уянгахишиг гэдэг. Түүний аав Р.Гончигдорж нь Монголын нэрт математикч, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтнээс гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ардчилсан намын даргын албыг хашиж ирсэн туршлагатай парламентч гэдгийг олон нийт мэднэ. Харин одоо Г.Уянгахишиг аавын үйл хэргийг үргэлжлүүлэх өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйл, мөрөөдлийг хэрэгжүүлэх зорилго өвөртлөн ажиллаж байна. Олж сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа хүмүүст тустайгаар ашиглах, асуудлыг засах, шийдвэр гаргах түвшинд оролцохын тулд амиа бодож, гараа хумхин сууж чадаагүй учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хэмээн тэрбээр бидэнд ярилаа. Хэдийгээр УИХ-ын сонгуульд ялагдсан ч бууж өгөлгүй дахин НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн шалтгаан, Ардчилсан намыг бус ХҮН-ыг сонгосон цаад учир болон аавынх нь тухай сүүлийн үеийн сонин, сайхан гэх мэт олон асуудлаар түүнтэй ярилцлаа.

СОНСОХ 1-Р ХЭСЭГ:

СОНСОХ 2-Р ХЭСЭГ:

-УРДАХ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БОЛНО. ГЭХДЭЭ БИД ҮР ХҮҮХЭДДЭЭ
БОХИР НИЙГЭМ ҮЛДЭЭМЭЭРГҮЙ БАЙНА-

-Нэртэй улс төрчийн охин гэдгээр нь зарим хүн таныг таних байх. Гэхдээ олонх нь таныг танихгүй. Тиймээс та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Аавын нэрээр зарим хүмүүс таньдаг. Хувь хүний тухайд танилцуулбал, би 42 настай, гурван хүүхдийн ээж. Том хүү 23 настай Солонгост сурдаг. Хоёр охин, нэг хүүтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. Магистрын зэргийг Германы Бонн хотын их сургуульд хамгаалсан. Хуулийн компанид мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Үүний дараа “Шунхлай групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар хоёр жил, Голомт банкны Хуулийн хэлтсийн захирлаар гурван жил ажилласан. Одоо “Инвескор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ашигт малтмалын эрх зүй, татвар, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн.

-“Би хуульч мэргэжилтэй” гэж та сая хэллээ. Хуулийн салбарт дагнан ажилласан туршлагатай юм байна. Гэтэл улс төр өөр салбар шүү дээ. Яагаад улс төрийн салбар руу орохоор болов. Шалтгаан нь юу вэ?

-Хувийн хэвшилд 20 орчим жил ажилласан байж урдах ажлаа хийгээд явж болдоггүй юм уу. Яагаад заавал улс төрд орсон юм бэ гэж хүмүүс их асуудаг. Яахав, бидний үеийнхэн буюу 1970 оныхон аж, амьдралаа зохицуулчихсан, хүүхдүүд нь гараас гарчихсан байна. Нөгөөтэйгүүр улс төр бидний хувьд айж, эмээж цэрвэдэг зүйл биш юм. Өдөр тутмын амьдралыг зохицуулдаг хууль, дүрэм журмыг баталдаг мөн биднээс хураасан татварын мөнгийг ямар хүмүүс яаж хуваарилж, зарцуулдаг вэ гэдгийг бид мэдэх ёстой. Өнөөдөр бид төрийн удирдлагуудад сэтгэл ханамжтай байж чаддаг уу гэвэл үгүй гэдгийг ширээний ард хүмүүстэй ярилцахад л мэдэж болно. Улсаа, хотоо яаж  хөгжүүлэх ёстой юм. Яавал бидний аз жаргалын индекс өсөх юм. Хүндээ ээлтэй хотыг яаж бий болгох юм гэдгийг  их ярьдаг. Гэтэл бодитой үр дүн одоог хүртэл гараагүй байна. 

Харин бидэнд маш тодорхой шийдэл байна. Бид яагаад өөрсдийн шийдлийг ажил хэрэг болгохын төлөө шийдвэр гаргах түвшинд очоод ажиллаж болохгүй юм бэ. Үүнийг эрх мэдэл бус хариуцлага гэж харах ёстой. Өнөөдөр бид хүнээс нэхээд суух бус хариуцлагаа хүлээгээд тэнд нь очоод /төрд/өөрсдийнхөө төлөө ажил хийх ёстой. Надтай мөр зэрэгцэн зогсож буй ХҮН-ын залуусын зорилго ердөө энэ.

Бидний хувьд эрх мэдэл, тендер, мөнгө чухал биш. Хэрвээ энэ чухал байсан бол өмнөх ажлаа хийгээд л явна. Ажлаа хийгээд явахад асуудал алга. Гэхдээ бид амиа бодож явсаар байтал үр хүүхдэд маань үлдэх нийгэм аз жаргалгүй, бохир байна. Дараагийн үед гунигтай байна шүү дээ. Улс төрд орох гэж ярьдаг ч бодит байдал дээр бид өөрсдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай шийдвэр гаргах үйл явц, ажил гүйцэтгэлд гар бие оролцож, хариуцлага хүлээх л тухай юм. Сурсан мэдсэн зүйл, хуримтлуулсан туршлага, мэдрэмжээ ашиглахын тулд ажиллая гэж үеийн нөхдийнхөө хамт зориг шулуудсан.

-Улс төрд ороход аав тань нөлөөлсөн үү?

-Мэдээж аавын нөлөөлөл далд ухамсарт бий. Харж өссөн шүү дээ. Би ааваараа бахархдаг. Аавыг минь харлуулах хүмүүс байдаг. Гэхдээ миний аав боломжийг хулгайлсан хүн биш гэдэгт би итгэдэг. Тэгэхээр ааваасаа ичих зүйл үгүй. Тэр хүний хичээл, зүтгэл сүүлийн 30 жилийн амьдралыг харж өссөн. Аавын маань үеийнхний өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидэнд үлдээсэн нэр төр олонхдоо сөрөг болсон байна. Харин манай намын залуус хийж, бүтээснээ дараагийн үедээ бахархалтайгаар үлдээх юмсан өнөөдөр ярьж буй ажлаа 30 жилийн дараа хийчихсэн байх юмсан гэж хүсч байна. Бид чадна гэж боддог. Учир нь бид алдааг олж харсан. Дахиж алдах эрхгүй. Зарим хэсэг нь нөгөөгийнхөө боломжийг хулгайлдаг нийгмийг бид үр хойчдоо үлдээж болохгүй. Үр хүүхдүүдэд тэгш эрх, боломж олгохгүй мөн ажилгүйдэл, ядуурал байсаар байвал улс тэр чигээрээ сэхэхэд хэцүү болно. Тийм учраас оролцоод явья гэсэн шийдэлд хүрсэн. ХҮН-ынхан тэгш боломжийн тухай л ярьдаг. Монголд төрсөн хүүхэд бүр тэгш боломжтой байх ёстой гэдэг үзэл баримтлалтай. Энэ нь бидний хүсч, тэмүүлж буй нийгэм.

-АРДЧИЛСАН НАМ ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ ҮҮ, НЭГ ТУГАН ДОР
НЭГДЭЖ ЧАДДАГ УУ-

-ХҮН намын залуус боловсролтой, асуудлыг өөрөөр хардаг нь үнэн. Та ХҮН-ыг сонгосон шалтгаанаа өмнө нь ярьж байсан юм билээ. ХҮН-ыг сонгосон шалтгааныг тань бус Ардчилсан намыг тоогоогүй учрыг асуумаар байна. Ардчилсан нам бол аавын тань үйл хэргээ хэрэгжүүлж явсан нам шүү дээ?

-Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдлийг нам гэнэ шүү дээ.  Ардчилсан намын суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг үгүйсгэхгүй. Гэхдээ Ардчилсан нам хэлсэндээ хүрдэг үү, нэг туган дор жагсаж чаддаг уу гэдэгт л асуудал бий. ХҮН-ын залуус үнэт зүйл нэгтэй түүнийгээ ч алдахгүй гэдэгт би итгэдэг. Миний итгэл үнэмшил ч энэ. 

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хуулийн салбарт шинэчлэлт хийхийг зорьж буйгаа ярьж байсан. Харин одоо НИТХ-д нэр дэвшихдээ ямар зорилго, төлөвлөгөөтэй байна вэ. Ер нь яагаад НИТХ-д нэр дэвшив?

-УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Уулзалтын үеэр нэг л зүйл гол зураад байсан. Бид УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй учир бодлого ярих ёстой. Амьдралын анхан шатны асуудал ярих ёсгүй. Үер ус, түгжрэлийг дүүрэг, Хотын захиргаа шийдвэрлэнэ. Гэтэл сонгогчдоос үүнийг л тойрсон асуулт ирдэг. Ард иргэд амьдралынхаа төлөө чадлаараа хичээж байна. Гэтэл гудамж нь гэрэлтүүлэггүй байна. Энэ ажлыг нэг айл хийхгүй шүү дээ. Үерийн ус зайлуулагчгүй гудамжинд иргэд амьдарч байна. Модон жорлонд бие засч, халуун усгүй байна. Өнөөдөр 21 дүгээр зуунд ингэж амьдарч болох уу. Бид өнгөрсөн зуун, өнгөрсөн үеэ яриад л байдаг.  Тэгэхээр 21 дүгээр зуунд өнгөрсөн үеэ ярихын оронд өнөөдрийн амьжиргааны түвшин, аз жаргалын индекс ямар байгаа вэ гэдэгт л анхаарах ёстой юм. Энэ үзүүлэлтийг дээшлүүлж чадахгүй байж мундаг үндэстэн гэж онгироод яах юм бэ. Хотын, дүүргийн түвшинд хийх ажил их бий. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт төрөөс нэгдмэл байдлаар зөв бодлого явуулах ёстой. Анхдагч хэрэгцээнд суурилсан хийх ажил их байна.

Мөн сонгуулийн үеэр уулзсан хүмүүсийн “Та бүхэн гараад хийгээрэй. Бидний өмнөөс ажиллаарай” гэж хэлсэн захиас, хүлээлтийг үл ойшоож цааш алхах нь хүнд байна. Маш олон хүний итгэл, найдвар тээсэн харцыг харчихаад явах хэцүү. Итгэл хүлээлгэж буй хүмүүсийн итгэлийг бид алдаж болохгүй. Бид сонгогдохгүй ч биднийг дэмжиж буй хүмүүсийн орой зайг хоосон үлдээж болохгүй юм.Олонх биш юм гэхэд 20-30 хувь нь бидэнд санал өгсөн шүү дээ. Тийм учраас УИХ-д нэр дэвшсэн ХҮН-ын залуус бүгд орон нутагтаа нэр дэвшиж байна.

Бид УИХ-ын сонгуульд нэр дэвшиж үзлээ. Харин одоо бид нийслэлээ хөгжүүлье гэж зорьж байгаа юм. Хэдий хэмжээний төсвөөр яаж ажиллаж, нийслэлд юу хийж болдог юм бэ, нийтийн тээврийг ямар бодлогоор хөгжүүлж болох юм. Хамгийн бүтээмжтэй байх загвар юу вэ гэх мэтээр бид судалгаанд үндэслэсэн ажил хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж байна. Шийдэл бүрийг боловсруулсан. Хийх ажил цаасан дээр төлөвлөгдсөн байна. Бид хийхэд бэлэн. Инженер, хууль эрх зүй, эрүүл мэндийн салбарын маш олон туршлагажсан залуу бий.

-Нийтийн тээврийг хөгжүүлэх хамгийн бүтээмжтэй загвар юу юм?

-Бид суурьшмал соёлд шилжээд 70 гаруй жил болчихлоо. Тэгэхээр бид энэ хэвшилд дадаж, соёлтой болж эхэлж байна. Харин хот маань анхны төлөвлөлтөөсөө яаж хазайсан юм. Одоогийн энэ төвлөрлийг яаж давж гарах ёстой вэ гэх мэт асуудлыг шийдвэрлэх ёстой. Өнөөдөр тэг зогсолт хийж байна. 25 минут алхах газарт хоёр цаг түгжирдэг. Алхана гэвэл явган хүний замгүй. Дугуйгаар явмаар байвч мөн тусгай замгүй. Тэгвэл бид яах ёстой юм бэ. Машин унахаа больчихвол нийтийн тээврийн хүртээмж хангалттай юу. Нийтийн тээвэр саадгүй явж чадаж байна уу. Машин бүртэй тэмцэж тоог нь цөөлөх, дугаарын хязгаарлалт хийнэ гэх мэтээр хүний эрхийг хязгаарлах бус боломжийг бий болгох талаар ярихгүй байна шүү дээ. Хоёр цаг түгжирч байхаар түгжрэлгүй тусгай замаар автобусаар 15 минут явах уу гэдэг сонголтыг өгөх ёстой. Сонголтыг өгөхгүй байж хүний амьдралыг хүндрүүлж, хязгаарлаж байна. Нийслэлийн төсөв маш өндөр. Тэр мөнгийг ухаалаг, шударгаар зарцуулах ёстой. Энд эрх ашиг байх ёсгүй. Дөрвөн жилийн дараа нийслэлийн иргэний амьдралын чанар бага ч болов пунктээр дээшилсэн байх нь бидний зорилго.

-Танайхтай өрсөлдөх намууд “Нийтийн тээврийг үнэгүй болгоно”, “Дүүжин гүүрээ ажиллуулж эхэлнэ” гэх мэтээр ярьж байна. Энэ өөрөө хэр ухаалаг шийдлүүд вэ?

- Хүний санааг муулах нь чухал биш. Хамгийн гол нь эдийн засгийн судалгаа, тоог нь харах ёстой. Их мөнгө, хугацаа зарцуулсан ч бүтээмжийн зэрэг хэр өсөх юм гэдгийг харах ёстой. А-Б цэгт хүрэхэд хэр хугацаа зарцуулдаг болох, түгжрэлийг хэдэн хувь бууруулах юм гэдгийг л бодох ёстой. Гоё сайхан зүйл олон. Харин тэднээс манай нөхцөл таарах нь хэд юм. Бүх ажил тооцоо судалгаатай явах ёстой. Нөгөөтэйгүүр, аливаа зүйл үнэгүй байх нь чухал биш. Нийтийн тээвэр үнэгүй болбол амьдралын чанар дээшилж, аз жаргалын индекс өсөх гээд байгаа юм уу. Эсвэл 500 төгрөг төлж чадахгүй учраас автобусанд суухгүй байгаа юм уу. Төрөөс нийтийн тээврийг үнэгүй болгох гээд байгаа бол татаас өгөөд чанарыг нь сайжруулчих, илүү дулаан, утаа гаргадаггүй болгочих, цахилгаан автобус явуулчих. Тэгвэл хүн 500 төгрөгөө өгөөд аз жаргалтай үйлчлүүлнэ биз дээ. Сонгогчид маань ч мөн төсвийг яаж зарцуулах, ямар төлөвлөгөөтэйг нь нэр дэвшиж буй хүмүүсээс асууж, мэдэх хэрэгтэй. Нэр дэвшиж буй хүн ч иргэдэд таалагдахын тулд худлаа ярьдаг байж болохгүй. Анхнаасаа худал ярьж сонгогдсон хүн шийдвэр гаргах түвшинд яаж ажиллах нь тодорхой юм.

Мөн хуульч хүний хувьд хэлэхэд, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсан.  Энэ үүднээс Нийслэлийн Засаг дарга, менежер юу хийх ёстой, төсвийг хэрхэн зарцуулах, газрын асуудлыг яаж шийдвэрлэх, стандартуудыг яах ёстой гэх мэт бичиг цаасны ажил их байна. Үүн дээр мэргэжлийн хүний хувьд ажиллаж, тусалж чадна. 

-ХҮН-ЫНХАН ОГТ МУУЦАЛЦААГҮЙ. БИДНИЙ НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ХҮМҮҮСИЙГ ШҮҮХ, ЦАГДААД ШАЛГУУЛАХААР ХАНДСАН-

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Нэр дэвшиж буй хүмүүст ямар асуудал, зовлон байдаг юм байна?

-Сонгуулийн тогтолцоо буруу. Маш их мөнгө шаарддаг тогтолцоо юм байна. Мөнгө тараах тухай яриагүй шүү. Сурталчилгааны самбар, хэвлэмэл материалын зардал их мөнгө шаарддаг юм байна. Энэ ажлыг хийж чадаагүй. 123 мянган сонгогч миний тухай ядаж нэг удаа сонссон байх ёстой. Гэтэл 30 мянган хүнд л танигдаж чадсан бол их юм болсон. 100 ухуулагчийг 30 хоног ажиллуулахад л их зардал гарна. Үүнийг бид хийж чадаагүй. 10-20 хүний багтай уулзалтуудаа хийгээд л явсан.

Гэтэл дүүрэг, хорооны удирдлага, ажилтнууд нь төрөөс цалинждаг төрийн албан хаагч нар байна. Тэд тус бүр 30 сонгогчийг л хариуцаад сонгуулийн үеэр намаа дэмжээд ажиллачихдаг. Гэтэл бидэнд 30 хүн хариуцаж ажиллах сүлжээ алга. Үзэл санаа, үйл хэргээ танилцуулахад хүний нөөцийн хувьд харьцуулшгүй, хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оролцлоо шүү дээ. Энэ бүхэн тогтолцооны гажиг юм.  Орон нутгийн сонгуулиар тойрог арай жижгэрч буй ч энэ бүх зүйл хэвээрээ л байна. Гэхдээ бид айж, бууж өгвөл энэ алдаа засрахгүй шүү дээ. Тэгэхээр бид энэ бүхнийг засч, ойлгуулахын тулд ярьж, давлагаалсаар л байх болно. Орон нутгийн сонгуульд бид хэдэн суудалтай болсон ч боломжийг бүрэн, дүүрэн ашиглана. УИХ-д сонгогдсон Т.Доржханд гишүүний хувьд ч мөн ганцаардахгүйгээр бүхий л боломжоо ашиглан ажиллаж байна.

-ХҮН муудалцаж, тамга тэмдгийн маргаан болоод байх шиг байсан. Асуудлаа шийдэж чадсан уу та бүхэн?

-ХҮН-ынхан огт муудалцаагүй. Бид өдөр тутамдаа уулзаж нөгөө гоё юмаа ярьсан хэвээр л байна. Хий, бүтээе, ингэнэ, тэгнэ гээд яриад байж байтал гэнэт хүмүүс будлиантуулж түүнийгээ хэвлэлээр ярьж байна шүү дээ. Тэнд маш их мөнгө зарж бидний эсрэг цуглаан зохион байгуулж байна. Гэтэл тэр цуглаан дотор нь ХҮН-ээс нэг ч хүн байхгүй.

ХҮН хүчтэй байгаагийн илрэл гэж бид харж байна. Өөрөөр хэлбэл, биднийг орон нутгийн сонгуульд оруулахгүй байх, нэр хүндийг нь унагах  гэсэн хүмүүсийн зохион байгуулалттай ажил. Мөнгө зарж биднийг унагах гэж оролдож буй  нь ХҮН-ын хүчтэй байгааг л илэрхийлж байна. Бид парламентад суудалтай нам. 2016 онтой харьцуулбал үйл ажиллагаа нь тогтворжсон хүчтэй байгууллага болсон. Өнөөдөр хэн нэгний тоглоом болоод явах байгууллага биш. Яагаад ийм дураараа байж болдог юм бэ. Хэлэх ч үг олдохгүй юм. Энэ маш том гэмт хэрэг гэдэг нь тодорхой.

Бид хууль шүүхийн байгууллагад хандаж, цагдаад гомдол гаргасан. Уг асуудал шийдэгдэж буруутай хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. Бичиг баримт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн. Мөн сонгуульд оролцож буй намын нэр хүндийг зохион байгуулалттайгаар унагахын тулд зохимол жүжиг тавьж байна. Энэ нь Эрүүгийн гэмт хэрэг юм.

-Та сонгуульд нэр дэвшихдээ, улс төр ярихдаа, хүмүүстэй харилцаа үүсгэхдээ ааваасаа хэр зөвлөгөө авдаг вэ?

-40 нас гарчихсан хүн. Ээж, аавын нялх хүүхэд биш шүү дээ. Эцэг, эхээсээ тусдаа гараад 20 гаруй жил болсон байна. 18 настай хүнтэй гэрлээд л тусдаа гарч байлаа шүү дээ. Мэдээж санал солилцох зүйл бий. Гэхдээ бүх зүйлээ асуугаад л “Би зөв ярьж байна уу. Яаж ярих уу” гээд байвал утгагүй. Тэгэх байсан бол яах гэж улс төрд орох юм. Хүн өөрийнхөө бодлоор л ажиллах ёстой биз дээ. Аав, ээжээс өвлөгдсөн мэдээлэл боловсруулах чадвар, асуудлыг хүлээж авах өнцөг нь төстэй, адилхан. Энэ утгаараа төстэй зүйл рүү тэмүүлж явдаг байх. Мэдээж буруу зүйл хийвэл аав маань анхааруулж хэлдэг. 

-Р.Гончигдорж гуай ер нь сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна. Юу хийж байгаа вэ?

-Өдөр тутам хамгийн дуртай ажлаа хийж байна. Тэр нь тоо бодох, томьёо гаргах. Олон улсын олимпиадад оруулах бодлого зохиохоор л ажиллаж байх шиг байна. Том дэвтэр дээр тоогоо бодоод л суудаг. Улс төрийн ажлаасаа хөндийрсөн юм болов уу гэж харсан. Гэхдээ бүрэн хөндийрөөгүй хөндлөнгөөс ажигладаг л юм.

-Хүмүүс таныг улс төрчийн хүүхэд учраас бэлэн зүйл дээр өссөн өөрөө хөдөлмөрлөөгүй энд хүрсэн гэж хардаг байх? 

-Миний хувьд үеийн залуусын жишгээр л амьдарсан. Үр хүүхэдтэй болж анхны байраа зээлээр авч байлаа. Анхны машин маань эксел байсан. Зээлээ дуусгаад машинаа өөрчилсөн. 10 гаруй жил хуулийн ажил хийхдээ өдөр, шөнө, амралтын өдөр гэлтгүй ажилладаг байв.  Ээлжийн амралт гэж мэддэггүй шөнийн 23.00, 24.00 цагт гэртээ орвол эртдээ тооцогддог байсан. Мөн хүүхдээ төрүүлээд гурван сар хүрэв үү, үгүй юу ажилдаа ордог байлаа шүү дээ. Ингэж байж л хүн амьдралаа босгоно шүү дээ. Хэрвээ зүгээр суувал хэн чамайг цалинжуулж, дэмжих юм бэ. Хаанаасаа ингэж мөнгөөр тэтгүүлээд суух билээ.  

-Ярилцсанд баярлалаа.