С.Лавров: Бид Улаанбаатар хотын ШХАБ-ын хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй танилцлаа

С.Лавров: Бид Улаанбаатар хотын ШХАБ-ын хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй танилцлаа

-Н.ЭНХТАЙВАН САЙДЫН ОХУ-Д АЙЛЧИЛСАН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР
ШХАБ-Т ЭЛСЭХ АСУУДАЛ ХӨНДӨГДСӨН ҮҮ-

Манай улс нь гадаад харилцааны хувьд төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлогыг баримталдаг. Энэ бодлогын хүрээнд олон жил Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ-ын/ ажиглагчаар ирсэн. Харин ШХАБ-ын гишүүн орнууд нь ихэвчлэн авторитар дэглэмтэй лидер дагнасан улс орнууд бөгөөд дийлэнхдээ нэг хүн насаараа эрх барьсан тогтолцоотой.

Сүүлийн жилүүдэд манай улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэхийг ОХУ, БНХАУ-ын зүгээс ил, далд шахаж ирсэн. Тодруулбал, 2017 оноос Монгол улсыг ШХАБ-т элсүүлэх тухай яриа хэд, хэдэн удаа улс төрийн хүрээнд хүчтэй хэлэлцэгдэж, улс төрчдийн дунд ч хүсэл сонирхлоо илэрхийлэх хэсэг ч байв. Ерөнхийдөө уг сэдвийг нийгэмд сөхөж гаргах, иргэдийн сэтгэл зүйг сонсох, бэлтгэл ажлыг хангах, суурь хөрсийг тавих ажлууд хийгдэж эхэлсэн. Үүний нэг илрэл нь Гадаад харилцааны яамны дэргэд ШХАБ-ын асуудал хариуцсан нэгжийг байгуулахаар зорьж буй явдал юм.

Элсүүлэхтэй холбоотой ажлын үргэлжлэл яг энэ өдрүүдэд БНХАУ, ОХУ-тай харилцах харилцааны түвшинд яригдаж ажил хэрэг болох түвшинд хүрч байгааг илтгэх хэд, хэдэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч эхэллээ.

Тодруулбал, Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийж буй айлчлалын үеэр ШХАБ-т элсүүлэх асуудлаар хоёр тал ярилцсан хэмээн зарим эх сурвалжууд дурджээ.

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хамтарсан хэвлэлийн бага хурлын нээлтэд үг хэлэхдээ “Бид Улаанбаатар хотын ШХАБ-ын хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй танилцлаа” хэмээн дурьдсан нь уг шуугианд нөлөөлжээ. Цаашлаад С.Лавров “ШХАБ-тай хамтран ажиллах талаар ОХУ, Монгол улс дийлэнх асуудлаар санал нэгдэж байна” хэмээн ярьсан нь дээрх сэрдэлтийг төрүүлж байгаа юм.

ОХУ-ын Гадаад Хэргийн яамны албан ёсны сайтад нийтлэгдсэн Сергей Лавровын  хэвлэлийн бага хурлын нээлтийн үг. Тодруулсан хэсэгт “Улаанбаатар хотын ШХАБ-ын хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй танилцсан” хэмээн бичсэн байна.

Ерөөс Н.Энхтайван сайдын энэхүү гэнэтийн айлчлал ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын дараа тэр дундаа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол дахь айчлалтай залгаж буйгаараа онцлогтой. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлал, 700 сая юанийн өглөг, Н.Энхтайван сайдын ОХУ дахь айлчлал нь санаандгүй ар, араасаа болж буй үйл явдал биш бөгөөд эртнээс төлөвлөсөн зохион байгуулалттай ажил ч байж мэдэх юм. Ямартай ч энэ бүхний төгсгөлд Н.Энхтайван сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ШХАБ-т элсэх асуудплыг хөндсөн нь үнэн бөгөөд анхаарал татаж байна.