А.Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг “хулгайч шиг үйлдэл хийсэн” гэж шүүмжиллээ

А.Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг “хулгайч шиг үйлдэл хийсэн” гэж шүүмжиллээ

Өчигдөр /2020.09.23/ Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг нууц байдлаар зохион байгуулсныг сөрөг хүчнийхэн ихэд шүүмжилжээ. Сөрөг хүчнийхэн “Беларусьчууд түүнд саналаа өгөөгүй. Гэтэл А.Лукашенко өөрийгөө Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчөөр томиллоо. Тангараг өргөх ёслол яг л хулгайч нарын уулзалт шиг”, “хошин шогийн жүжиг мэт” байлаа. Бид Европын холбоо, Их Британи, АНУ, Канад, Хятад, ОХУ-д Лукашенког эргүүлэн татах үйл ажиллагааг уриалахыг хүсэх болно” гэжээ.

Түүнчлэн сонгуульд түүний эсрэг өрсөлдсөн Светлана Тихановская "Лукашенкогийн энэ үйлдэл нь түүний өмнөх эрх мэдэл дуусгавар болсныг харуулж байна. Беларусийн ард түмэн түүнд шинэ мандат өгөөгүй" хэмээн телеграм хуудсандаа нийтэлсэн байна.

Тангараг өргөх ёслолыг тус улсын төв телевизийн суваг шууд дамжуулаагүй, иргэд ч мэдээгүй аж. Ёслолын ажиллагаа Беларусийн Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгуулагдсан юм.

Хэрвээ ёслолыг урьдчилж зарласан бол Тусгаар Тогтнолын Ордны гадна олон мянган иргэд цугларч, эсэргүүцэл үзүүлэх байсан учир үүнээс болгоомжлон нууц байдалд зохион байгуулсан гэж улс төрчид үзэж байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар А.Лукашенко 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Гэсэн ч үүнийг Беларусьчууд “луйврын сонгууль” хэмээн эсэргүүцэж эхэлсэн юм. Харин А.Лукашенкогийн зүгээс ард иргэдийн эсэргүүцэл, жагсаалыг үл тоон Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн нь үймээн самууныг улам өдөөх хүчин зүйл нь болох магадлалтай юм.

Эх сурвалж: CNN