Голын эрэгт майханд унтаж байсан ЗУРГАА БА ДОЛООН сартай хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ

Голын эрэгт майханд унтаж байсан ЗУРГАА БА ДОЛООН сартай хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ

-СОГТУУ ЖОЛООЧИЙН БАЛГААР ДӨРВӨН ХҮҮХЭД НАС БАРЖ, ГУРВАН ХҮҮХЭД ХҮНД БЭРТСЭН ОСОЛ БОЛОВ-

Баяр наадмын өдрүүдээр иргэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож ноцтой ослууд болсон тухай харамсалтай мэдээллийг албанаас өгч байна. Дээрх өдрүүдэд хэдийгээр цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлсэн өндөр бэлэн байдалд ажилласан хэдий орон нутгийн замд олон ноцтой осол бүртгэгдсэн байна.

Ноцтой ослуудын талаарх мэдээллийн хүргэвэл, Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг долоодугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад 06:03-д ирүүлжээ. Дуудлагын дагуу шалгахад тус сумын тавдугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай хоёр эмэгтэй хүүхэд газар дээрээ нас барсан. Мөн 3, 11, 25 настай гурван хүн гэмтсэн зам тээврийн осол болжээ.

Мөн Хэнтий аймаг “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг шалгахад, 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай гурван хүн газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтээжээ.

Түүнчлэн Төв аймаг Аргалант сумын Хөшөөт  хоёрдугаар багийн нутагт 38 настай эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгслээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг үйлджээ.

Дээрх зам тээврийн ослуудыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар тогтоогдсон бөгөөд осол гаргасан согтуу жолооч нарыг болон осол гарах болсон шалтгаан нөхцлийг харъяа аймгуудын замын цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

У.УРАНЦЭЦЭГ