Тулаанч азарган тахиа цагдаагийн офицерыг хөнөөжээ

Тулаанч азарган тахиа цагдаагийн офицерыг хөнөөжээ

Филиппиний Хойд Самаар мужид цагдаагийн офицер руу азарган тахиа дайрч, амийг нь хөнөөжээ. Коронавирусийн улмаас тус улсад азарган тахиан тулааныг хориглоод байгаа юм. Гэтэл тус мужид хориотой азарган тахиан зодоон зохион байгуулах үеэр цагдаа нар хууль сахиулахаар очжээ. Энэ үеэр Дэслэгч Кристин Болок гэх эрэгтэйн зүүн гуяд азарган тахиа тулааны гафаа /азарган тахиан тулааны үед хумсанд нь зоодог хурц иртэй зүйл/ зоож, артерийн судсыг нь гэмтээсэн байна. Улмаар цагдаа их хэмжээний цус алдаж, яаралтай түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алджээ.

Мужийн цагдаагийн газрын дарга хурандаа Арнел Апуд “Үнэхээр харамсалтай санаандгүй осол болсон. Энэ тухай надад анх мэдэгдэхэд  итгэж чадахгүй байлаа. Хохирогчийн ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Тулаан зохион байгуулсан хэргээр гурван хүнийг баривчилж, долоон азарган тахиа, 550 ширхэг гаф хураан авчээ.

Эх сурвалж: CNN