Ж.Амарсанаа: "Астра Зенека" компанийн вакциныг авах талаар судалж үзэх хэрэгтэй

Ж.Амарсанаа: "Астра Зенека" компанийн вакциныг авах талаар судалж үзэх хэрэгтэй

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2020.11.13/ цахимаар хуралдаж "Цар тахлын үеийн вакцины нийлүүлэлт" сэдвээр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн илтгэлийг сонслоо. 

Ж.Амарсанаа энэ үеэр хэлэхдээ "Дэлхий дахинд нийт 470 гаруй байгууллага вакцин бүтээх үйл ажиллагаанд оролцож байна. Нийт 34 улс вакцин бүтээж, туршиж байна. Хөгжүүлж буй вакцин дундаас өвчтөн дээр туршаад эхэлсэн байгууллага нь мөн 34 байна. 9-10 төрлийн вакцины төрөл байдаг ч энэ удаагийн вакцинд бүхий л аргыг хэрэглэж байна. Клиникийн судалгаанд амжилттай орсон 13 компани бий. Тэднээс хамгийн амжилттай нь Модерна компани.

Энэ компани жилд 500 саяас нэг тэрбум хүртэл тун үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологи нь шинэ, анх удаа өргөн хүрээнд туршигдах гэж байна. Модерна бол 2 тэрбум 58 сая долларын санхүүжилттэй байгууллага юм. Эдний вакцин вирусээс хамгаалах чадвар 94.5 хувь гэж танилцуулагдаж байна. Нэг тун вакцин 70-75 доллар.  

Мөн Их Британийн Оксфордын их сургууль,  Астра Зенека  компанийн бүтээж буй вакцин амжилттай туршигдаж байна. Тус компани 2021 онд 2 тэрбум тун вакцинаар хангана гэж амлаж байгаа. Ашгийн төлөө бус байгууллагын санхүүжилтээр вакцин бүтээж буй учраас нэг тун вакцин маш хямд буюу 45 доллар. Мэдээж олон газраас санхүүжилт аваад ажлаа хийгээд явж байгаа юм билээ. Энэ нь бусадтай харьцуулахад маш хямд юм. Хамгаалах чадвар 99 хувь гэж байгаа. Тийм учраас дэлхийн улс орнууд ихээхэн сонирхож байгаа" гэлээ. 

Тэрбээр мөн манай улс Астра Зенека компаниас вакцин авах асуудлаар судалж үзэх хэрэгтэй болов уу. Ганц энэ компани биш амжилттай туршигдаж буй компаниудтай холбоо тогтоож захиалгаа өгч, холбогдох хөрөнгө оруулалтуудыг өгөх нь зүйтэй. Астра Зенекагийн хувьд үнийн хувьд боломжийн амжилттай туршигдаж буй учраас санал болгож байна гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: