БНХАУ Гималайн хилийн маргаантай бүс нутагт цэргийн байгууламж барьж буйг илрүүлжээ

БНХАУ Гималайн хилийн маргаантай бүс нутагт цэргийн байгууламж барьж буйг илрүүлжээ

АНУ-д төвтэй хиймэл дагуулын “Maxar Technologies” компанийн  мэдээлж буйгаар Гималайн бүс нутаг "Топка” голын хөндий орчимд энэ жил томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн аж. Мэдэгдэлд дурдсанаар “Докламын ойролцоо БНХАУ цэргийн зориулалттай шинэ байгууламж барьж байна” гэжээ. Тус хилийн бүс нутагт Хятад улс 2017 оноос эхлэн Энэтхэг, Бутан улсуудтай маргаантай байгаа билээ. Энэ талаар анх Энэтхэгийн NDTV суваг мэдээлсэн аж. 

Хятад Бутаны хилийн маргантай бүсийн газрын зураг

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам "Хятад улс өөрийн нутаг дэвсгэр дээр барьж буй ердийн барилгын үйл ажиллагаа бөгөөд бүхэлдээ Хятадын бүрэн эрхт байдлын хүрээнд хамаарна, үүнд ямар нэгэн далд санаа байхгүй" гэжээ.

Гурван улстай хил залгаа газар нутгийн нарийхан зурвас болох Докламын бүсийг Хятад, Бутан зэрэг улсууд эзэмшдэг. Гэхдээ Энэтхэгийн амин чухал судас болох Силигури коридортой ойрхон тул тус бүс нутагт нэлээн төвөгтэй хилийн маргаан эхэлсэн.

Анх 2017 онд  Бутан Хятадыг гэрээнийхээ үүргийг "шууд зөрчиж" нутаг дэвсгэрийнхээ дотор зам барьсан гэж буруутгасны дараа зөрчилдөөн эхэлсэн байдаг. Харин Бутантай албан ёсны дипломат харилцаа тогтоодоггүй Хятад улс уг газрыг өөрийнх нь эзэмшлийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсээр байгаа юм. 

Гэтэл энэ оны эхээр Энэтхэг, Хятадын хооронд Гималайн өөр нэг маргаантай хилийн дагуу цуст мөргөлдөөн болж, 20 гаруй цэрэг амь үрэгдсэн нь асуудлыг улам хурцатгалаа. Энэ нь 1962 онд нэг нутаг дэвсгэр дээр дайн хийснээс хойш хоёр улсын хооронд болсон хамгийн ноцтой зөрчил байв. Хоёр улс зөрчилдөөнийг арилгахаар тохиролцож буй ч "Maxar Technologies" компанийн хиймэл дагуулын зургаас харахад Хятад Энэтхэгийн хилийн дагуу байр сууриа бэхжүүлсээр байна. Гэхдээ Гималайн өвлийн хатуу ширүүн нөхцөл байдлаас болж энэ жилийн барилгын ажил цааш үргэлжлэх магадлал багатай юм.

Эх сурвалж: CNN