Есөн настай дагавар охиноо хөнөөсөн гэх сэжигтэн Б-г шалгаж дуусчээ

Есөн настай дагавар охиноо хөнөөсөн гэх сэжигтэн Б-г шалгаж дуусчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр /2020.09.20/ есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд түүний хойд эцэг Б нь уг хэрэгт буруутгагдан шалгаж буй юм.

Тэгвэл хойд эцэг Б -г цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. Түүнд хамаарах хавтаст хэргийг удахгүй прокурорт шилжүүлэхээр болжээ. Гэмт хэрэгтэн архидан согтуурсан үедээ охиныг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар охины амийг хөнөөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан есөн настай охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагджээ. Тодруулбал, шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй, 12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан, урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарч байсан юм.

Үүнтэй холбогдуулан талийгаач охины эгчийг урьдчилсан шинжилгээнд хамруулахад ил харагдах шарх сорви илрээгүй гэж мэдээлж байсан ч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гар болон хавирга өмнө нь хугарч, бороолон эдгэсэн байсан нь тогтоогдсон байдаг.