Байгальд тавьсан ч гүйж ирсээр байгаа Хантайширын “мисс”, У.Насанбат гуайн эрх Коко

Байгальд тавьсан ч гүйж ирсээр байгаа Хантайширын “мисс”, У.Насанбат гуайн эрх Коко

-У.НАСАНБАТ: КОКОГ БАЙГАЛЬД НЬ ТАВЬСАН Ч ЭРГЭЖ ИРЖ
ЭРХЛЭЭД ГЭРИЙН ХАЯАНД ХЭВТЭЖ БАЙНА  -

2020.11.25 Улаанбаатартаас 1000 гаруй км –ийн зайд орших Говь-Алтай аймгийн Халиун сум, сүрлэг Хантайширын нуруунд хүн зон амгалан аж төрнө. Өвлийн эхэн сар гарч цас дарсан ч энд тогтуун дулаан хэдийнэ өнгөрсөн намар цаг гэлтэй. Буга маллагч У.Насанбат гуайнх жилийн дөрвөн улиралд Хантайширын нуруугаа тойрч суурьших бөгөөд тэдний гэр бүлийн албан бус гишүүн Коко нэртэй согоог уншигч таньд танилцуулах нь энэхүү бичвэрийн маань зорилго юм.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2017.07.12 сард “Алтайн Халиун буга” ТББ-ынхан Хустайн нуруунаас барьж Хантайширт сэлгүүлэн нутагшуулсан 20 илийний /янзага/ нэг нь Коко юм. Тус ТББ-ынхан чухам яагаад уг үйл ажиллагааг зохион байгуулсан, зорилго юу байсан тухай дор дурдана.  

Ачааны машинд суурилуулсан торон бүхээг дотор 1000 км яваад ирсэн 20 янзагыг У.Насанбат гуай Хантайширтаа хүлээн авав. Янзаганы нүд өхөөрдөм хөөрхөн ч таньж мэдэхгүй орчинд ирсэн айдастай, үргэж бэргэсэн тогтворгүй. Тэднийг хүлээн авч хайрлаж өсгөх, халамжлан маллах, дасгах ажлаа тэр л өдрөөс У.Насанбат гуай эхлүүлжээ. Өдөр өнгөрөх бүрт янзаганууд түүнд дасаж, Хантайширтаа идээшин суурьшиж, ижил сүрэгтэйгээ ижилдэн нөхөрлөнө. Тэдний дундаас анх ирэхдээ нүдэнд төдийлөн тусаж анхаарал татаагүй ч маллах явцад ижилгүй ихээр хайрыг татсан нь Коко минь юм даа хэмээн У.Насанбат гуай бидэнд ярив.

Бид өчигдөр /2020.11.25/ түүнтэй холбогдож Кокогийн талаар асуухад “Гэрийн хажууд эрхлээд хэвтэж л байна” гэсэн юм. Тэрбээр “Коко гэдэг нэрийг хэн өгсөн юм бүү мэд. Анх над дээр ирэхдээ л энэ нэрээр нэрлэсэн байсан. Нялхад нь сүүгээр угжаад жаахан том болонгуут нь тэжээл, өвсөөр хооллосон. Намайг хаана явна дагадаг юм. Нялхдаа гэрээс салахгүй идэж, унтаад байдаг байсан бол одоо томроод гэрт багтахгүй гадаа хаяанд л хэвтэж байдаг юм” гэлээ. Коко энэ жил дөрвөн настай бөгөөд өнгөрсөн жилийн хавраас ах, дүүсийнх нь хамтаар /ижил, сүрэг/ байгальд нь тавьсан ч гэртээ гүйж ирээд явахаа больжээ.

Түүний хамтаар байгальд нь тавьсан зарим буга, согоонууд байгалийн зэрлэг сүрэгтэй нийлж, бие дааж амьдарсан бол Коко л гэрээсээ салахгүй байн, байн гүйж ирдэг аж. Өнгөрсөн жил болон энэ намар Коког хэдэнтээ байгальд нь тавьсан ч нөгөө л зуршлаараа гэртээ ирсээр. У.Насанбат гуай ч Кокогоо ирсэнд баярлаад явуулахгүй шинжтэй байдаг гэнэ. 

Угтаа бол нутгийн бугануудтай сүрэглэж, үр төлтэй болох ёстой ч гэрийн хаяанаас салахгүй, надад эрхэлж хэвтсээр хөгшрөх шинжтэй гэж тэрбээр ярьсан юм.

Тэрбээр “Манайх саяхан дээд байрнаасаа нүүгээд дор ирсэн ч олоод ирсэн. Өвөл гэхгүй зун ч гэрээ эргэдэг эрх амьтан юм” гэлээ. Кокогийн хувьд бусдаасаа зөөлөн, дөлгөөн авиртай бас ч үгүй өөртөө таарсан маягтай бөгөөд боов, боорцог ч тоож идэхгүй зөвхөн өвс, тэжээлээ л иддэг гэнэ.

-БУГА БОЛ УУЛ, УСАНДАА Л АМЬДАРДАГ ЖАМТАЙ АМЬТАН ЮМ-

 Буга нь зэрлэг амьтны төрөл зүйлд багтдаг ч зөөлөн, дөлгөөн хүнд дасамтгайгаараа онцлог. Мөн тэсгим хүйтнийг ажрахгүй давдаг бөгөөд байгалийн цаг уурт зөнөтэй амьтан гэж У.Насанбат гуай ярьсан юм. Ерөөс янзага өсгөх нь амаргүй ажил бөгөөд үнээний сүү халаан угжиж, тэжээл зуурч, өвс ногоог нь тааруулан бүтэн жил тэжээхээс эхлээд их ажил болдог байна. Түүнд гэргий Энхмаа болон гурван хүүхэд нь хань бараа болж тусалдаг аж. У.Насанбат гуай Кокогоо арын хаалгадаж хайрладаг ч бусад бугаа ч байгалийн зэрлэг сүрэгтэй их уулсын дунд явж буйг нь хааяа дурангаар баталгаажуулдаг байна. У.Насанбат гуай Кокотой хамт ирсэн 20 янзагаа өсгөж унаган байгаль, уул усанд нь тавьчихаад араас нь харуулдаж суухын зэрэгцээ саяхан дахин 20 янзагаа хүлээн авч өвөлжих бэлтгэлээ хийсэн байна. Буга бол өсч том болоод ууландаа, зэрлэг байгальдаа гардаг жамтай амьтан. Гэхдээ У.Насанбат гуайн өсгөсөн буганууд ууландаа гарсан ч өлдөж, цангахын цагтаа гэртээ ирдэг амьтад гэх. Ингэж ирэх нь цөөн ч ирсэн л бол угтаж аваад усалж, хооллоод явуулдаг байна. Эдний дундаас Коко л гэж нүгэлгүй эрх амьтан гэрийн буйр сахиж үлдэх шинжтэй аж.

Дээр дурдсан “Алтайн Халиун буга” ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол орны халиун бугын үндсэн тархцаас алслагдмал хоёр голомтын нэг Хантайшир, Хасагт хайрхан, Хар азаргын нурууг багтаасан Алтайн халиун бугын голомтын популяцыг хамгаалж, цус сэлбэх зорилгоор 2017, 2018, 2020 онд нийт 40 гаруй янзагыг Хустайн нуруунаас Хантайширын нуруунд сэлгүүлэн нутагшуулсан байгууллага аж. Тэдний аваачсан янзагыг У.Насанбат гуай хүлээн авч эхнээс нь том буга, согоонууд болгож байгальд нь тавьдаг ажилтай юм.