Сонгогчдын коллегийн гишүүд Байденд саналаа өгвөл Трамп Цагаан ордныг орхино гэв

Сонгогчдын коллегийн гишүүд Байденд саналаа өгвөл Трамп Цагаан ордныг орхино гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв сонгогчдын коллегийн гишүүд түүний өрсөлдөгч Жо Байденд саналаа өгвөл Цагаан ордноос явна гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр "сонгуулийг асар их луйвардсан" гэж дахин мэдэгджээ. Трамп АНУ-ын сонгуулийн дэд бүтцийг гуравдагч ертөнцийн орныхтой зүйрлэсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон боловч эцсийн дүн хараахан албан ёсоор гараагүй байгаа юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден сонгуульд ялахад шаардлагатай саналыг авсан байна. Дэлхийн олон удирдагчид түүнд хэдийнээ баяр хүргэсэн юм. 

Трамп өрсөлдөгчөө “сонгуулийг хулгайлахыг оролдсон” гэж буруутгаж байгаа бөгөөд санал хураалтын үеэр гарсан зөрчил системчилсэн шинжтэй байсан гэж түүний өмгөөлөгч Руди Жулиани мэдэгджээ. Гэсэн хэдий ч Цагаан ордны одоогийн эзэн эрх мэдлийг Байденд шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн юм. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.

Эх сурвалж: Риа Новости