ФОТО: Тайландаас 5 мянга жилийн өмнөх аварга халимны араг яс олджээ

ФОТО: Тайландаас 5 мянга жилийн өмнөх аварга халимны араг яс олджээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотын баруун эрэг Самут Сахоноос энэ сарын эхэнд эртний аварга халимны араг яс олджээ. Уг араг яс бараг бүхлээрээ хадгалагдан ирсэн бөгөөд ойролцоогоор 3,000-5,000 жилийн настай хэмээн таамаглаж байна.

12 метрийн урттай уг халим нь Брайдын халимны төрөл байсан гэж эрдэмтэд үзжээ. Уг олдвор нь далай тэнгисийн түвшин, биологийн төрөл зүйлийн судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Сингапурын Үндэсний их сургуулийн хөхтөн амьтан судлаач Маркус Чуа  хэсэгчлэн чулуужсан араг яс олдох нь тун ховор хэмээн мэдэгджээ.

Тэр дундаа Ази тивээс хагас чулуужсан халимны араг яс олдох нь тун ховор ажээ. Тайланд улсын Хүрээлэн буй орчны сайд Варавут Силпа-Арча араг ясны 80 гаруй хувь нь буюу сээр нуруу, хавирга, сэрвээний яс олдсон гэдгийг мэдээлсэн байна. Уг халимны зөвхөн толгойн хэсэг гэхэд л гурван метр урт байгаа юм. Тайландын булангийн өнгөрсөн 10,000 жилийн түүх эрдэмтдийн хувьд ихээхэн сонирхол татдаг. Тэр үед далайн усны түвшин одоогийнхоос 4 метр илүү байжээ. Брайдын халим нь дэлхий даяар дулаан цаг ууртай, халуун орны бүсийн далайн тэнгист амьдарч байсан гэж үздэг.

Эх сурвалж: BBC