CHINA NEWS: Монголоос илгээсэн хонины махаар хоол хийж Ухань хотын эмч, ажилчдыг дайлжээ

CHINA NEWS: Монголоос илгээсэн хонины махаар хоол хийж Ухань хотын эмч, ажилчдыг дайлжээ

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ.

Харин тус хонинуудыг аравдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн юм. Арваннэгдүгээр сарын 12-нд тус хандивын хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 ачааны тэрэг БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотоос Хубэй мужийн нийслэл Ухань хотод хүрэхээр хөдөлсөн бөгөөд боловсруулсан хонины махыг “Монголоос хандивласан хонь” хэмээх шошго бүхий хайрцагнуудад савласан байсан юм. Удалгүй тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хандивын хонинууд Ухань хотод хүрч, эмнэлгийн эмч ажилчид эн тэнцүү хуваан авсан талаарх мэдээлэл цацагдсан билээ.

-МОНГОЛ ХОНИНЫ МАХААР ХИЙСЭН АМТАТ ХООЛ НЬ БҮХ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД АНХААРАЛ ХАЛАМЖИЙГ МЭДРҮҮЛЖ, ЦААШИД УЛАМ ХИЧЭЭНГҮЙЛЭН АЖИЛЛАХ УРАМ ЗОРИГ ӨГЛӨӨ-

Харин өчигдөр \2020.12.01\ тус улсын хэвлэлүүдээр “хандиваар ирсэн хонины махаар хоол хийж эмч, ажилчдыг дайлсан” талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Ухань их сургуулийн Жуннань эмнэлгийн хоолны газрын 3 давхарт тусгай цугларалт болж, монголоос илгээсэн 30 мянган хонины махаар амтат хоол хийж хэцүү нөхцөлд ажиллаж байсан эмч, ажилчдыг дайлах үйл ажиллагаа болжээ. Монголоос илгээсэн 30 мянган хонийг бүгдийг нь БНХАУ-ын Хубэй муж руу илгээсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус хотод коронавирусийн халдвар ид өрнөж байх үед халдвар авсан олон мянган өвчтнүүдэд дарагдаж, маш их ачаалалтай ажиллаж байсан эмнэлгүүдийн нэг нь “Лейшеншань” юм.

Тийм ч учраас тус оройн зоогонд “Лейшеншань” эмнэлгийн эмч, сувилагчид сайн дурын ажилтнууд, барилгачдыг урьжээ. “Лейшеншань” эмнэлгийн барилгын ажил, засвар үйлчилгээнд оролцсон Жианг Сян, Ли Бо гэх ажилтнууд “Бид энэ уулзалтанд уригдана гэж бодоогүй, маш их сэтгэл хөдөлж байна. Монгол хурганы мах идэж, зүрх сэтгэлдээ дулаацаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Мөн урт үсээ хусаж, хамгаалалтын хувцастайгаа олон цаг ажиллаж байхдаа танилцаж, анд нөхөр бололцоцгоосон олон эмч, сувилагчид хоорондоо уулзан нэгэн үдшийг сайхан өнгөрүүлцгээжээ.

-ЭНЭХҮҮ ӨРГӨСӨН ХАНДИВД БИДНИЙ АРД ТҮМЭН ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЖ, НАЙРАМДЛЫН ХАРИЛЦААГ НАНДИГНАН ХАДГАЛЖ ҮЛДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА-

Тэд эрүүл энхийн төлөө хундага өргөж, Монгол улсаас хандивласан хонины махыг хувааж идэнгээ аюулт тахлын эсрэг тэмцэж байх үедээ тохиолдсон баяртай, гунигтай үйл явдлуудаа хуваалцаж, халдвар авч ирсээр байсан олон мянган өвчтнүүдийг хараад цөхрөнгөө барж, шантарж байснаа ч ярилцав. Мөн энэ үеэр Ухань их сургуулийн Жуннань эмнэлгийн ЭХЭМҮТ-ийн ахлах сувилагч Дин Шинбо “монгол хонины махаар хийсэн халуун хоол нь надад болон эмнэлгийн ажилтнуудад бүх нийгмийн анхаарал халамжийг мэдрүүлж, цаашид улам их хичээнгүйлэн ажиллах урам зориг өглөө” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Тус нядалж, боловсруулсан хонины эхний цуваа Хубэй мужийн нийслэл Ухань хотод ирэх үед хотын дарга Цин Жун “Хонинуудыг Хубэйд халдварт өвчний эсрэг кампанит ажилд томоохон хувь нэмэр оруулсан эмнэлгийн ажилчид, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд, Хубэй руу илгээсэн эмнэлгийн багуудад улс орон даяар хэсэгчлэн хүргэх болно.  Хубэйчүүд хандив өргөсөнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, Монгол улстай ард түмний найрамдлын харилцааг гүнзгий нандигнан хадгалж үлдэхийг хүсч байна” хэмээн мэдэгдэж байсан юм.