Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлсэд зарцуулна

Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлсэд зарцуулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эдийн засгийн тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум иень буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01%, урьдчилгаа шимтгэл 0.1%, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байх юм.

Уг зээлээр цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ Энэ зээлийг зөвхөн ковидтой холбоотой асуудалд зарцуулна. 2020 оны 4-10 дугаар сарын хооронд авч хэрэгжүүлсэн ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртлэх борлуулалтын орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ” гэв.